|

Ж.ЛХАГВА /ЗҮРХНИЙ ЗҮҮД/


Ж.ЛХАГВА  /ЗҮРХНИЙ ЗҮҮД/

Унтсан, ухаан алдсаныг бүү мэд нэг хэсэг хугацаа өнгөрсөнийг Жунай мэдсэнгүй. Тас харанхуйн дунд олон зээр давхиад ч байх шиг, тэр зээрүүд нь тамхины цаас шиг нимгэн цагаан, нүд нь дандаа Цэрэндолгорын нүд шиг ажээ. Жунай тэнгэрийн заадас шиг сүлэрсэн их гэгээний зүг ортойгоо хөвж явна. Хоёр жижигхэн жигүүр, бүр болжморынх шиг тийм жижиг жигүүрийн нь хүч ажээ.
Тэр жигүүрийн дэндүү жаахныг мэдсэн хэрнээ сульдаж намайг үрэх вий гэсэн бодол огт төрөхгүй нь гайхалтай. Цэрэндолгорын нүдэт зээрүүд зам хөндлөн дүүлэн дүүлэн өнгөрч эхлээд зам гарсан нь дараачийнхдаа мөнөөх хөөрхөн нүдийг шидэж өгөхөд цаадах нь товчны нүх шиг зовхиороо үмхэн тосч авна.

 

Зүүдлэж байна гэж бодсон хэрнээ сэрүүн юм шиг, сэрүүн гэтэл тас харанхуй, дөнгөж л сая л нартай байсан биш билүү.Гараа хөдөлгөх гэтэл тугалга шиг хүнд, мэдээ ч алга, оролдсоор дор нь бага багахнаар гулсуулан хөдөлгөсөөр хананд хүргэв. Ханын үдээрийн хатуу шөвгөр үзүүрт шахан үрж үзвэл огт өвдсөнгүй. Харин нойт оргиж цус бус ус гарч байна уу гэмээр хүйтэн юм гарын алга руу урсаж орсоор байгааг там тумхан мэдрэв. Нойтон гараар ханын нүднээс атган татаж үзвэл хаашаа ч юм бэ зайлан одсон ухаан санаа нь эргэн цугларч эхлэв.

Нүд аниастай хэвээр. Сэрэх төдийд өөрөө нээгддэг өнөөх зовхи эдүгээ их дааман хаалга шиг хүнд хар юм санагдаж, түүнийг нээж хаах нь нэгэн биед ахадмаар бодогдох болжээ. Гэтэл Цэрэндолгорын нүд үзэгдээд байх нь хачирхалтай. Тийм нүдийг зүрх үздэг юм болов уу.. Эрүүл саруул зүрх бол үзэж ч болох л юм. Харин Жунайн зүрх тийм чадалтайгаа байгаа гэж үү. Юу л бол доо. Хувьдаа олдсон хэдэн балга цусыг арай л ядан алба залгуулах төдий л байгаа шүү дээ. Гэвч Жунайн зүрх сохорсон ч гэсэн зүүдлэсэн байж болно. Тиймээ, Цэрэндолгорын нүд бол Жунайн зүрхний зүүд ажээ.

Эрүүл саруул залуу зандан явахад зүрх гэдэг аль талдаа байгааг ч анхаарч мэдэж байсангүй. Эдүгээ бол мэдэх нь бүү хэл нүдэнд нь харагдах шиг болно. Зүрх нь доголдон хэрхэн зүдэрч байгааг Жунай аль хэдийнээс ажиглах болсноор барахгүй хад сондуултай газраар чарга чирсэн илжиг л ийм байдаг болов уу гэж дотроо айдас хүрэн боддог байлаа. Одоо найдвар тасраад айхаа ч больчихсон, хааяа бүдрэхэд нь хээв нэг цочоож босгоод шавхуурдан явуулна. Илжигний чих сортос хийх нь улам больж, үргэх нь удааширсаныг мэдсээр боловч дарга хүн хүндэтгэлд дасахын адил Жунай бас үхэлдээ тийнхүү аажим, өөрөө ч мэдэлгүй дассаар байлаа.

Бие хөшөөд аньсага үл нээгдэнэ. Хоёр хөлөө ээлжлэн оролдож нэгээр нь нөгөөг нь үрчих аядан байж өвдөгөөр нь нугарахуйц болгоод гараа элгэнд авахад нүд нь онгойж, гагцхүү юу ч үл үзэгдэнэ. Гэрт харанхуй ажээ. Нүд чих зэрэг онгойдог юмуу бүү мэд хорвоогийн чимээ эргэж ирэв. Холын холд адуу янцгаах чимээнээр саванд исгэсэн тараг санаа алдах адил сагаж дуугарав. Шар ингэ гэр тойрон гунганасанаа зүүн урд хавтавчинд ирж толгойгоороо шөргөөх нь Цэрэндолгорыг нэхэж буй хэрэг. ”Ингээ саалгүй хаачдаг хүн бэ” гэсэн бодол толгойд харван орж иртэл орой байсан байдал нь нүднээ тодрон ирэв.

Аяга шөл хийж өмнө нь тавьчихаад авдраа уудлан шинэ бүс малгайгаа гаргаж байсан нь, ингэ ирэх яагаа ч үгүй байхад хамаг ботгоо барьж уясан нь Жунайн санаанд орж ирэхүй "Ай зайлуул, сум руу эмчид явжээ дээ. Яах нь вэ дээ хөөрхий, найдваргүй гэж мэдсээр байж” гэж бодов. Хайдаг шар дахин гэр шөргөөж зүрх шимшрүүлэв. Хөх нь чинэсэн хөөрхий ингийг өрөвдөн шимшрэхтэйгээ байгааг бодоход Цэрэндолгорын нүдийг үзэх чадалтайгаа ажээ.

Цэрэндолгор оо. Цэргээс ирсэн жил нуурын цаад дэнжид зусаж байсан ганц цагаан гэр зэрэглээнд цогиж харагддаг сан. Адуу хөөгөөд нууранд оруулах бүрий гэрээс цэнхэр дээлтэй бүсгүй гарч торхтой ус, гэр хоёрын хооронд гүйх нь зэрэглээн дунд мэдээ хүргэгч тагтаа шиг үзэгдэж сэтгэл даллана. Энэхэн бүсгүй даллан далласаар залуу эр Жунайг зөгий хар нүдээрээ шархлуулсан билээ.

Тэр намрын тааныг ээ. Гутлын ул, морины туурай, газарт хаяад авсан уураг хүртэл таанын шүүсэнд ногоон туяатай, хамраар байтугай чихээр үнэртэм анхилуун, хөх униар талын зэрэглээг аргамжиж, нуурын цаад дэнж зуун эмнэг унагатай зэл шиг л цовхчиж байдаг сан. Энэ эмнэг зэрэглээ номхрох үе, тамгын найртай давхцан Жунайн хурим болсон. Гэхдээ унаганы ногт мултраад толгойд нь нэгэн бахим хатуу хазаар орж байгааг Жунай тэгэхэд яахин мэдлээ. Эргэн тойрноо харах нүдний нь хүүхэн харааг нөгөөх хар зөгий хатгачихсан ч юмуу, өвдөг түшин сууж байсан Цэрэндолгор ханилах насны жил дамжин дөрөөлсөөр нуруун дээр нь гарч суусаныг Жунай их л хожуу, хэвтрийн болсон хойноо мэджээ. Тэгээд Цэрэндолгор их л хатуу дөрөөтэй эм байлаа.

Хайдаг ингэ дахин гэр шөргөөхөд сүжрэн гунганах дуунаар нь борви даган урсах бүлээн цагаан сүүгий нь харах шиг болов. Энэ л цагаан сүү, гомдол найдлын гунганалт үхэж байхад амины хооронд орж сэрээснийг тэрбээр багцаалж ядахааргүй.
Жунай хүчлэн өндийх санаатай ханын нүднээс татаж үзвэл цээж нь жаал хөндийрөвч толгой нь үл даагдана. Уруул хатаж, ам аргавч юм уухын хүслэн алга аа. Ямар ч гэсэн амаа дэвтээе гэж бодоод орны урдах явган ширээг тэмтэрвэл орой Цэрэндолгорын хийж өгсөн шөл тэр чигтээ царцаж орхижээ.

Жунай гайт өвчинд нэрвэгдэж сүүлийн хоёр жил эмнэлэг хөөцөлдсөөр гэрийн бараа харсангүй. Бүр сүүлдээ "эмнэлэггүй” гэсэн дүүжлүүрийн олс шиг үг дуулаад эхлээд нэг хэсэг дотор харанхуйлж давчидсан боловч сүүлдээ эвлэрч гэрээ бараадсан нь алдаа болсон ч байж магадгүй. Ирэхэд нь Цэрэндолгор хүнтэй нөхцөж, сэтгэл нь гэвэл аягалаад мартсан цай шиг болжээ. Нутгийн залуу Лувсанбазар \залуу ч гэж дээ дөч шүүрсэн хүн л дээ\ тэднийд бараг ороод суучихсан байснаас, хэвтрийн ч гэсэн гэрийн эзнийг ирэхлээр дуртай дургүй зайлан явж, тэгсэн хэрнээ дутуу цадсан боохой улайдаа эргэхийн адил холдож чадахгүй л байлаа. Сүүлийн үед илтэд элэг барьж хажуу дэргэд эрээ цээргүй аашлах болсон нь Жунайн эгдүүг хүргэж үхэлтэй эвлэрч ядаж байгаа бодлыг хүртэл сарниулахад "Цус тэгэхээс тэгэх гэж хэд хоног амьд явья байз” гэж бодогдох удаа ч байдаг байлаа.

Лувсанбазар уржигдархан Цэрэндолгортой цуг усан дээрээс хөхрөлдөж ирээд
-За Жунай гуай бие яаж байна даа гэж асуухад нь
-Өрөвдсөн хүнд бол ч өнөө маргаашгүй л болоод байна. Өнгөлзсөн хүнд бол ч бас мөдгүй байна даа гэж хариулсанаа буудсанаас илүү олзуурхан санаж, энэ үгийг дуулаад Лувсанбазар гаансаа түрийлэн босч, Цэрэндолгор цай хийх гэж байсан аягаа алдан шүүрсэн нь санагдахуй хорвоод хоргодох там нь жаал сийрнэ.

Хайдаг ингэ уйлан гунганаж хөхөө суллан бие сэтгэл амирлуулахыг гуйна. Жунайн сэтгэлийн там, гуниг гомдлын аялгууг хайдаг ингэ гунганах дуугаараа төлөөлөн дуулж байх шиг санагдахуй хэвтэрт удсан эр хүн халуун нулимсаараа түрэхээс илүү яанам билээ. Эдүгээ Жунайд гагцхүү нулимс нь л халуун, цуснаас нь илүү халуун байлаа.
Үхэж байхад сэрээж, нулимсны халууныг дахин мэдрүүлсэн хайдаг шарын дэлэнг суллах нь энэ хорвоод хийх эцсийн буян, хамгийн сүүлчийн өр төлөөс юмаа гэж Жунай бодоод юуны урьд орон дээрээ босч суух санаатай оролдож гарав. Хананы нүднээс зууран татаж жаал өндийгөөд ханынхаа нүдийг ахиулан атгасаар босч суухад толгой эргэвч баахан урам орж яаж үүд хүрэхээ бодов. Амьсгаа давхцаад бөглөчих шахна. Нөгөө муу зүрх нь чононд хөөгдсөн туулай шиг бөмбөлзтөл чичирч цаад сууринаасаа тас үсэрчих гээд учиг төдий юманд торж байна уу гэлтэй. 
Жаал сууж тайвшрах гэсэн боловч удаан суувал улам ядарч үүд хүрэх тэнхээгүй болох нь гэдгийг дорхноо ухаарч, юм юмнаас өрсөн ингэний дэлэнд хүрэх нь чухал боллоо.

Жунай унинд хавчуулаастай унжиж байсан оонын хүзүүн хуйв, дэрэн дор байсан бүс хоёроо залган ханын нүднээс уяж, тэрнээсээ чаргуулдан арайхийн буугаад үүдний зүг мөлхөв. Мөлхөх ч гэж дээ урагш ахихгүй болохоор нь жаал хэвтэж байгаад өнхрөн эргэх мэтээр дөх дөхсөөр үүдэнд хүрлээ. Босох гэтэл болдог юм биш. Гавлын яс хага үсрээд дотроос нь мянга түмэн ногтруу дэрхийн нисч, нисээд нисээд барагдахгүй байх шиг санагдана. Хэрэв хайдаг ингэ дахин гунганан унь унатал гэр шөргөөгүйсэн бол энэ олон ногтруу нисч барагдахгүй байсан билээ.

Унины бөгс Жунайн шанаан дээр цохиж унахад бодит хорвоо дахин эгэж, хайдаг шарын буйлаан сонсдож, хатавчны төмөр сарны гэрэлд цайран байгаа нь тодоос тод харагдахуй, яах гэж үүдэнд ирсэн нь ухаанд нь ургаж, ханын нүднээс зууран өндийж эцсийн хүчийг шавхан дээшлэв. Хөл гэж мэдээ алга, ичээний могой шиг хоёр хүйтэн юм томж чирэгдээд нэмэр болохоосоо тээр болно. Яг босчихсон хойно бол ч яахав бас нэг муу юм тулаад байлаа. Жунай дамжсаар бүснийхээ үзүүрийг ханын толгойноос уяад, баруун гараа гадаа гаргатал хайдаг шар өөрөө ханалан ирж гадаа гарсан гарт нь халуун цавиа наалаа. Ганц зүүн гар цуцан сарвайчих гээд байсан тул бүсний үзүүрт гогцоо гаргаж шуундаа оруулан атгаад баруун гараа ингэний дэлэнд хүргэвэл хийлсэн бөмбөг шиг бүлээн хөх нь нойтон ажээ. Эрхий долоовор хоёроор чимхэх төдийд сүү нь год хийж, нөгөө муу мэдээгүй мэдээгүй хөл хүртэл тэр сүүний халууныг мэдэж байлаа.

Зүрх цовхчиж амьсгаа улам түргэсэхүй Жунайн ухаан эг маггүй ажиллаж, гар нь бас амьсгааны хурдаар нөгөө жаахан хөхийг нь нь тэмтчин зулгааж гарлаа. Гэнэт гар нь ингэнийхээ хөхийг олохоо больж нэгэн их хадан хясааны хана биеийг тэмтрэн тэртээ доош унах шиг болсоноо бие нь бас алдран нэг л их нэлийсэн цагаан ангал руу нисэн одов. Ёроолгүй цагаан нүхэнд харайснаас ч дор ажээ. Бичгийн хортой цаасаар эсгэж хийсэн юм шиг олон хар шувуу ангалын дээгүүр эргэлдэн байх бөгөөд нүдний нь оронд нэвт нүхтэй ажээ. Жунайд харамсах юм бараг алга.

Гагцхүү эмч дагуулан довтолгож буй Цэрэндолгор түүнийг гүйцэхгүй байгаа нь гайхалтай бөгөөд өрөвдмөөр......
"Хөөрхий минь, Цэрэндолгор минь чи намайг гүйцэхээ өнгөрч...Болжморын мэт жаахан жигүүр намайг даахаа нэгэнт больжээ...Би дэлхийн татах хүчний хурдаар явж байна. Чи намайг зогсоох газраа зогсоож, явуулах газраа явуулж байсан. Одоо даанч зогсох эрх муу Жунайд нь алга даа.... Хүүеэ Цэ....ээ...ээ”

Цэрэндолгорыг өглөө эрт давхиж ирэхэд дарайтал царцсан сүүнд нүүрээрээ шааж унаад хөшчихсөн Жунай, бөөн бөөн нулимс дуслуулан зогсоо хайдаг шар хоёр үүдэнд нь угтав. Цэрэндолгор дуу алдан ухарсанаа гэнэт ихээр асгаруулан уйлж, амьдаар нь шар ингэндээ нүглээ наманчлах мэт орилон очоод ташаанд нь нүүрээ наан мэгшин хөхийг нь шувтрав. Шар ингэ чинэж хагарсан өрөөсөн хөхөндөө эмзэглэсэн ч юмуу, цавь руу нь урсан орох нүглийн хар нулимсанд эгдүүцсэн ч юмуу гэнэт хүчтэй хамж тийрсэнд хэзээний давжаа биетэй Цэрэндолгор хумиж шидсэн цаас адил тэртээ хол эвхрэн унав.
ЗОХИОЛЧ ЖАГДАЛЫН ЛХАГВА


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин