|

Байтаг богд: Эрлэгийн данснаас эргэж ирсэн нь


Байтаг богд: Эрлэгийн данснаас эргэж ирсэн нь

 

***
Гэнэтхэн баруун чихэн дээр нь шахам винтов тасхийв. Холгүй сайр өгсөн яваа хятад цэргүүдийг ажиглан ард нь нуугдсан ганганы ирмэг дээрх тогоон чинээ хөх чулуунд сум тусаж, улин исгэрээд, чулууны хэлтэрхийнүүд шанааг нь хорстол үсэрсэнд Баасанжав хар зөнгөөрөө ганганы ирмэгийг халхлан сэрийх дэрсний унги руу атиран эвхэрчээ. Отоонд орж, бүслэгдчихжээ гэсэн түгшүүрт бодол тархи толгойд нь сум мэт харвахад, шазуураа зууж, дахин буудахаас нь өмнө амжиж дайснаа олж харахаар хөрвөөж эргэв. Тэр завсраа бүсэндэх гар бөмбөгөө мулталж амжсан байлаа. Зүгээр хэвтэж байгаад хар хятадад баригдчих шиг золгүй явдал үгүй. Амьдаараа баригдвал чухам юу болдгыг мэдэхийн дээдээр мэднэ. Уруул, хэлийг нь огтчиж, төмсөгийг нь сугалж, өвчүү, духан дээр нь ясыг нь язайж гартал хурц хутганы үзүүрээр таван хошууг ангайлган сийлж, хөл гарынх нь үзүүрээс амийг нь тасран тасартал нэг нэгээр зугуухан хэрчиж хаях бол энүүхэнд. Тиймээс л энэ мэт тагнуул, эргүүлд явах бүрдээ нэг гар бөмбөгийг байнга бэлэн бүсэндээ тусгайд нь бэхэлж, бас сумныхаа дайзанд ямагт нэг сумыг зөрүүлж дүрэх билээ. Улангассан үедээ сумаа дуустал буудчихдаг тул нэг сумыг тийнхүү эсрэг нь харуулан дайзлаад эцсийн мөч ирэхэд өөртөө зориулахаар хадгалдаг нь тагнуулчдын заавал мөрдөн дагах учиртай журам юм. Ер үүрэг гүйцэтгэхээр мордох бүрд Тагнуул сумангийн орлогч, ахмад Нэхийтийн заавал шалгадаг зүйлсийн нэг нь тэрхүү өөртөө зориулах ганц сум байв. 

Буун дуу яг дэргэд нь шахам гарсан тул анхандаа дайсныг бүр ард нь тулаад ирсэн гэж боджээ. Араас нь шууд тулгаад буудчихалгүй, шанааг нь хайруулан чулуу буудсан нь олзлох гэснээс зайлахгүй. Гэвч ард нь ганган дотор сандарч мэгдсэн өөрийнх нь хоёр цэргээс өөр хэн ч байсангүй, ганганы цаад ирмэг дээр ч, тэртээд сөрвөлзөх хадан хошууны ирмэгт ч дайсан үзэгдсэнгүй. Юмжав яг дэргэд нь шахам, өнөөх тогоон чинээ хөх чулууны нөгөө талд хэвтэж, Мэдрээ түүний цаана ганганы оёорт сууж байсан юм. Юмжавын нүд нь хий дэмий мэлрээд, амаа хагас ангайлган, буугаа тас атгаад хөшчихсөн байх ажээ. Буу атгасан гар нь үл ялиг чичигнэнэ. Харин Мэдрээ Юмжав руу гайхаж, түгшсэн харцаар харж байв. Юмжавын винтовны амнаас хүхэр ханхална. Тэрхэн зуурт Юмжавыг гал алдчихжээ гэдгийг мэдэв. Юутай ч дайсан отож байгаад араас нь гэнэт бүчин авсангүй, гар бөмбөгийнхөө гогцоог мултлаад элгээрээ дарж унах хэрэгцээ гарахгүй нь. Гэвч тайвшрах юм огтхон ч үгүй байв. Буу нэгэнт дуугардагаа дуугарч, сайр өгсөн явсан дайснуудад өөрсдийгөө хаана байгааг илчилж орхижээ. Тэд хэдийнэ шуугилдаад эхэлчихсэн байв. Очиж очиж ийм эгзэгтэй мөчид гал алдаж байдаг нь эрүү өөдөө буудахаас, урваж бууж өгөхөөс ялгалгүй хэрэг. Хэрэв хурц шийдмэг нэгэн байсан бол үүнийх нь төлөө Юмжавыг газар дээр нь нам буудчих байсан биз. Гэвч одоо хэрхэх тухай бодож суудаг мөч биш байлаа. Хожим амьд мэнд эргэж очвол үүнтэй ял хэлцэж болно.

- Эцгийгээн... хэмээн Баасанжав тэсэж чадалгүй зүхээд, дээш өндийж, дэрс яран сайрын зүг харав.

Явган цэргүүдийг даган гэлдэрч явсан морьтой хасгуудын хоёр нь урт суран ташуур савчсаар эргэн давхиж явав. Бодвоос цэргийн ангид хэл хүргэх биз. Үлдсэн хоёр хасаг нь явгалчихсан, сайрын хонхор хотгор, хад чулуу бүхнийг эрэн тарцгааж буй хятад цэргүүдтэй хамт бужигнаж байв. Хорь гаруй, магад гуч ч байж мэдэхээр ажээ. Мөрөвчтэй суран бүстэй хятад цэргийн өндөр хүзүүтэй дарга сөөнгө хоолойгоор бачимдан хашгичиж, тэдний байгаа ганганы зүг гар буугаа гозолзуулан чичилнэ. Дайсан энэ ганга руу ирж заавал шалгаж таарна. Тиймээс тэднийг тайвширчих болов уу хэмээн найдаж, эндээ нам хөдлөлгүй хэвтэх нь голио азаа туршихаас ялгаагүй. Ганга дээшээ өгсөөд төд холгүй мухар болчихсоныг түрүүн ийш бууж ирэхдээ Баасанжав анзаарсан юм. Харин ганга доошоогоо дайсны зүг эргэж, тэрхүү сайртай нийлэх ажээ. Янсангийн морьдоо хараад үлдсэн хунх нь арын тэрхүү хадан хошууг тойроод бий билээ. Эргэлзэн гайхах юм огтгүй, Баасанжав нөгөө хоёроо "Галлаад” гэж аяархан боловч шийдмэг командлаад винтовныхоо замгыг даран, өнөөх гар буугаа чичсээр буй даргыг онилон гохоо мултлав. Энэ хязгаар нутагт дайсантай дөрвийн дөрвөн жилийн турш хойно урдаа орон хөөцөлдөж, эрэгчин эмэгчнээ үзэлцсээр хал үзэж туршлагажаад, ийм мөчид сандарч тэвдэх нь бараг үгүй болчихсон ч сайтар шагайсангүйгээс үү, эсвэл нүдрүү нь урсах хөлснөөс ч болсон уу, оносонгүй. Дайсан 100 гаруй алхамын зайд байлаа. Түүний буун дууг залган Мэдрээгийн ППШ автоматын дуу жигдхэн түжигнэж, сайраар нэг бужигнаж байсан хятад цэргүүдийн үүгээр түүгээр цагаан шороо манаруулан бужигнуулж гарав. Баасанжав хоёр дахь удаагаа сайтар онилон буудав. Автоматын дуунаар хашгирахаа болиод буруу талд нь байсан бөөн тэсэг рүү тонголзон гүйж явсан хятад дарга цээжээ эргүүлэн, гараа эвгүй доёгонуулсаар, тэсгэн дээгүүр нуруугаараа эргэн тээрч уналаа. 

Хятад цэргүүд тэдний байгаа газар луу таамгаар чиглүүлэн эмх замбараагүй галлаж байв. Гэнэтийн ийм тулсан тохиолдолд хятад цэргүүд хэзээ ямагт бууныхаа овоо харааг бүү хэл бөгс хошуу хоёрыг нь ч ялгамгүй шахам болтлоо бажигдан сандардаг билээ. Тиймээс гэнэтийн буудлаганд цочсон дээр нь улам сандаргаж орхиод сэгээ авахаас нь өмнө гурвуул ганганаасаа гарч, хадан хошуу тойрч амжих ёстой байв. Юмжав өнөөх хөх чулууны араас өндийгөөд буудаж, түүний цаана эрэм авсан Мэдрээ ганганаас цээжин биеэрээ ил гарчихсан автоматаараа хоёр тийш сэгсрэн шүршинэ. Баасанжав угсруулаад гурав буудаж, хүхээгэн дэх сумаа шавхачихаад, "Байлдагчид дагаад гүйгээд” хэмээн хашгирсаар ганганаас үсрэн гарч, арын хадан хошууг чиглэн бөгтөгнөн гүйлээ. Хошуу хүртэл 100-аад алхам. Гэвч дайсныхаа овоо хараан дор 100 алхам гэдэг огтхон ч ойр биш, зарим үед бүр ертөнцийн нөгөө хязгаарт хүрэх мэт хол байх нь бий. Хятад цэргүүд хэсэгтээ л сандарцгаачихаад тэднийг яг онилж буудах нь бараг үгүй. Гагцхүү тэнэсэн сум л бүү оночихоосой билээ. Хэрвээ бурхан гэж буй аваас залбирах зүйл тэр л байлаа. 

Баасанжав эргэж харсангүй, араасаа нөгөө хоёроо гүйж яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байв. Хошуу тойртол ядахад өчүүхэн ч хад чулуу, хонхор судаг үгүй цав цагаан юм. Үүрээр ийш ирэхдээ Баасанжав хошуун дээр дайсныг отох ямар ч боломжгүй байсан тул замд ойртож, тэр ганганд очиж нуугдсан билээ. Гэтэл замаар үд өнгөртөл нэг ч цэрэг явж өнгөрсөнгүй байгаад гэнэтхэн хорь гучуулаа гарч ирсэн нь тэр. Хэрвээ тэднийг чимээгүй өнгөрөөчихсөн бол магадгүй орой болтол хэд гурваараа явж таараад, амьд хэл барьчих ч байсан юм билүү. Гэхдээ одоо энэ тухай бодохын ч хэрэггүй болжээ, гагцхүү өөрсдөө баригдчихалгүй, суманд оногдчихолгүй бушуухан зайлж амжих хэрэгтэй. Тэр доошоо давхиж одсон хоёр хасаг удалгүй цэргийн ангиас морьт салаа дагуулаад ирнэ. Гэгээн цагаан өдөр гэзэг даран мөшгих дайснаас тийм ч амархан мултарчихгүй. Гэхдээ л өдий хүртэл Баасанжавт ямагт аз дайрч, яаж ийгээд л мултарсаар байжээ. 

Тэнэмэл сум үүгээр түүгээр нь улин исгэрэх авч өөрийг нь онохгүй л байв. Харин өмнөх хадан хошууг нь бол найдвартай онож буй бололтой, хаданд хангинан тусаж, улин ойх чимээ гарна. Гүйсээр хадан хошууны үзүүрт байх хагархай үхэр чулууны ардуур үсрэн орж амжлаа. Чулууг нуруугаараа налан, нүүрлүүгээ урсан орж ирэх хөлсөө гарынхаа араар шудраад, буугаа сумлахаар замгаа татах үед Юмжав гүйж ирэв. 

- Мэдрээ...?

Юмжав хариу хэлэхийн оронд толгойгоо сэгсрэв. Баасанжав эргэж чулуун дээгүүр өнгийж харвал Мэдрээ ганганаас нааш, газрын дунд хэрд гулдайн хэвтэж байлаа. Нам буудуулчихсан мэт хөдөлгөөнгүй. Даргагүй болсон хятад цэргүүд тэднийг элдэж хөөсөнгүй, харин шаагилдсан хэвээр эмх замбараагүй галласаар л байв. 

- Байлдагч Юмжав, дайсныг сөгөө өгөлгүй тасралтгүй галлаж, намайг галаар хамгаал гэж хэлээд Баасанжав босон ухасхийв. 

Харин энэ удаад тэр тонголзсонгүй, яавал ч яаг гэсэн мэт эгцээрээ гүйлээ. Түрүүлгээ харан унасан Мэдрээг эргүүлбэл зузаан уруул нь мэдрэлгүй дорвойн унжаад, хөөсөрсөн цус бултайжээ. Баруун хөх махных нь доохнуур цус нэвчин гарсан байв. Сум уушгаар нь нэвт туссан бололтой. Гэвч нэг муухан амьсгаатай байлаа. Аяархан ёолов. Мэдрээгийн магазингүй болсон ППШ автоматыг нь винтовтойгоо давхралдуулан үүрээд, цэрэг бүснээс дээш шахан өргөж, шархдаагүй талын гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад, цээжийг нь мөрлөөд урагш зүтгэв. Ясархаг дэнхэгэр Мэдрээ шавилхан биетэй Баасанжавын хаа хаагуур нь илүү гарч, хоёр тийш холбирон уначих гээд тун амаргүй байсан ч ийм цагт хүнээс өөрт хэзээ ч нь баймгүй хүч, тэвчээр гарах нь бий. Төдөлгүй Мэдрээгийн шархнаас гарах цус түүний баруун талыг нилэнхүйд нь нойт оргиулж эхэллээ. Хошуун дээр байх хар чулууны ард аваачаад шархыг нь боож, цусыг нь тогтоохгүй бол болохгүй болжээ. Хэдий 50 гаруйхан алхам ч дэндүү хол байлаа. Өнөөх үхэр хадны дээгүүр Юмжавын цэрэг малгайн орой шоволзон, морин цэргийн оготор винтовны гол төмөр үе үе цухалзах нь тэр лавтай дайсны зүг буудсаар буйг илтгэнэ. Буун дуу пижигнэж байвч, чухам аль талаас, хаанаас хааш нь илүү буудаад байгааг ялгах аргагүй. 

Одоо удах тусам дайсан мэгдэл сандралаасаа бага багаар гарч, илүү оночтой буудах болно. Сум онох магадлал эрс өсөж, түрүүчийнхээсээ илүү аюултай болсон атал хурд нь өмнөхөөсөө хоёр, магадгүй гурав дахин удаан байв. Хөлс нь нүүр лүү нь бөнжигнөн урсаж, амьсгал нь бөглөрөөд, тамир нь барагдаж буй мэт болоход дахиад л одоо сум тэднийг оновол ч онохоос, өөр яая гэх билээ гэсэн нэг тийм эвлэрэнгүй сулрал дотор нь бий болж буйг мэдрэв. Байтаг Богд, Хавтаг Байтаг, Гашуун, Хөх Өндөр, Элгэн –Ус, Элст мянганы уулс говийг хэжин хил зөрчигчидтэй хөөцөлдөн буудалцаж, алс Мичингийн уулс, Ананд баар, Хар-Усны говиудыг туулан тагнуулд олонтаа мордож, үүрэг гүйцэтгэж явсан энэ хэдэн жилд ийм хоолойд хутга тулгачихсан мэт хүнд байдалд хэдэн ч удаа орж байсан, гэвч эцсийн мөчид хамаг тамир тэнхээ нь алдраад, боломж нь шавхраад, одоо яавал ч яаг хэмээн эвлэрэх хэрээр харин ч эсрэгээрээ сум түүнийг тойроод байх шиг, үхэл түүнийг олохгүй зөрөөд өнгөрчих шиг болдгийг хожмоо анзаарч, гайхазнан, бас тэр хэрээрээ нэлээд хэнэггүй болдог ч дотроо бол ингэж огтоос болохгүй, амьд гарахыг аль болох хичээж, эцсээ шавхан зүтгэх ёстой гэдгийг сайтар мэдэж, тэгээд ч байдгаа шавхсаар л байжээ. Энэ удаад ч Баасанжав мөн адил байв. 

Мэдрээтэй хамт өмнө нь хоёр ч удаа дайсны ар талд үүрэг гүйцэтгэжээ. Нэгд нь бүр хасаг хувцас өмсөж, хасаг эмээл тохоод Чингэл тохой өнгөртөл арван хэдэн хоног явсан юм. Ханхигар Мэдрээ бол энгийн цагт хамт байхад баахан хэг ёг яхир ярдаг, гөжүүд зантай, хүний эв ая олох дургүй, таарамж муутай, үргэлжийн хөмсгөө зангидаж, өчүүхэн зүйлд ч өөнтөглөн яхирлаж, дөнгөсгүй л заставын хэн нэгэнтэй, тогооч, агтны ардтай хүртэл муудалцчихсан байх ч харин дайсны ар талд бол эрэмгий, ямар ч үед нөхрөө хаяад явчихааргүй, эцсээ тултал үзэхээс огтхон ч хулчиймгүй чанар илэрхий анзаарагддаг ажээ. Тиймээс энэ өөрийнх нь хувьд сүүлчийнх нь болох тагнуулын үүрэгт Мэдрээг авч явахдаа дуртай байж билээ. Сүүлчийнх гэдэг нь нэгхэн сарын дараа, 7 сар гаргаад тэр цэргээс халагдах байсан ба Сумангийнх нь дарга дуудаж, "Нөхөр бага дарга Баасанжав. Байтагийн өвөрт, Орон булаг, Өвөр Улиастайн ам орчим дайсны үлэмжхэн хөдөлгөөн илэрсэн мэдээ авав. Баг авч яваад амьд хэл олзлон авчир. Халагдахынхаа өмнө сүүлчийн удаа нэг амьд хэл аваад ир дээ” гэсэн юм. Мөн "Одоо заставт байгаа цэргүүдээс сонгож авч яваарай. Олон бол дайсанд хялбар мэдэгдэх, тиймээс аль болох цөөн хүчээр...” гэж анхааруулан захижээ. 

Заставт шинэ цэрэг хараахан ирээгүй, халагдах цэргүүдийн зарим нь отрядын төв рүү явчихсан, улирч тушаал дэвших цэргүүд ч бас отрядын төв рүү шинэ цэрэг авахаар явчихсан, хүн хүч нэн сул байж таараад, ердөө л 9 цэрэг жагсажээ. Заставт үүрэг гүйцэтгэх чадвартай хүч нь энэ. Бага дарга Баасанжав тэднээс хамгийн түрүүнд Мэдрээг дуудсан юм. Мэдрээ амь өрссөн даалгаварт хамгийн түрүүнд өөрийг нь дуудсанд ер тэгэх л ёстой мэт урагш нэг алхажээ. Дуртай байгаа, эсвэл дургүйцэж буй нь огт анзаарагдсангүй. Түүний дараа Юмжав нүдэнд нь өртжээ. Юмжав шинэ цэрэг биш, хоёр жил орчим Уушгийн болон Хавтагийн заставт алба хаасан. Баасанжавын хувьд түүнтэй хамт дайсны ар талд үүрэг гүйцэтгэж явсангүй, харин Булган голын эхэнд дүрвэж орж ирсэн хасаг иргэдийн толгойлогчдийг хамгаалан хүргэж өгөхөд хамт явалцсан билээ. Нүдээрээ зальжин инээсэн, хурдан шалмаг, нимгэн шар зүстэй Юмжав нь Мэрдээтэй харьцуулах аргагүй алив зүйлийн ая эвийг олохдоо гаргуун нэгэн. Хэдий нэрийг нь дуудсанд шовосхийн урагш гарсан ч арай өөр хүн сонгочихож болсонгүй юу даа гэж гоморхож буй мэт харц нь баахан түгшүүртэй, аньсагаа байн байн цавчлан байсныг харин Баасанжав хожим эргэн санасан юм. 

Элгэн-Усны заставт хамт байсан хөнгөн пулемётчин Тангад бол харин яг дайсны ар талд үүрэг гүйцэтгэхэд тохирсон, хал үзсэн сүрхий эр билээ. Энгийн цагт удаан лазандуу мэт ч эрслэх үед түүн шиг улайрган зоримог нь ховор. Түүнтэй хамт 47 оны зун, Нарийн, Бүдүүн Харгайтын зууралдсан хатуу ширүүн тулалдааныг хүн хэцүүг мөр зэрэгцэн зүтгэж туулсан юм. Гэвч яг морддогийн шөнө дунд Отрядын төвөөс учир битүүлэг шалтгаанаар Сумангийн даргын хамт наводчих Тангадыг дуудан аваад явчихжээ. Үүрээр мордох байсан тул Тангадын орны хүн авах боломж гарсангүй, харин дөрвүүлээ таван морьтой, таван хүний хүнстэйгээ морджээ. Сэлгээ морь, бас нөөц хүнс хэзээд хэрэг болж мэднэ, арга ядахад хил орчимд орхиод эргэж ирэхдээ хүч тамираа сэлбэнэ. 

Тавдах нь Янсан байв. Түүнийг яагаад сонгосноо ер мэдэхгүй, заставын агтанд дээр голдуу байсан тэр моринд сайн. Магадгүй түүнээс нь болсон ч байж мэднэ. Ер дайсны гүн ар талд явахад моринд сайны хэрэг нэг бус гардаг ажээ.

***
Баасанжав үхэр хар чулууны ард яаж ийгээд ирж чадав. Сум энэ удаад тэднийг дахиад тойрчээ. Мэдрээг газарт хэвтүүлэхдээ зөөлхөн тавих гэсэн боловч тамирдсанаас ч тэр байж мэднэ, чанга унагачихав. Мэдрээгийн завж, цээжнээс хөөсөрсөн цус бургилсаар байлаа. Юмжав одоо яахав гэсэн айдас түгшүүр дүүрэн харцаар асуув. 

- Байлдагч Юмжав. Шарх боотол дайсныг тогтоож бай.

Юмжав үг дуугүй замгаа дарсаар эргэж, хадан дээгүүр винтовныхоо амыг дөнгөж цухуйлгаад гохоо дарчихав. Ер хараалж, онилж буй шинжгүй ажээ. Баасанжав Мэдрээгийн цэрэг цамцны баруун ханцуйг нь оёосоор нь ханз татан салгаж аваад, нарийн цуулж, боолт бэлтгэв. Уг нь морьдын ганзаглаанд шархны боолт яваа ч тэр хүртэл дахиад авч явах нь цус алдсаар буй Мэдрээг шулуухан алчихтай адил хэрэг болно. Товчийг нь мулт татан цээжийг нь яраад, хажууханд нь ургасан луулийн толгойноос атган авч амандаа хэд зажилсан болоод цамцан доогуур, шархан дээр нь ар өвөргүй тавьж, ханцуйгаар бэлдсэн боолтоороо гаднаас нь чангалан боов. Тэгээд чулууны дээгүүр буугаа олилзуулан буудсаар байгаа Юмжавыг дуудан, морьд нь буй битүү далин хальстай хадан мухар өөд Мэдрээгийн хоёр талаас сугадан дамжлаад, хөлийг нь газарт чирсээр гүйцгээлээ. Эргэж ч харсангүй. Хятад цэргүүд удалгүй араас нь гүйлдэн ил гарч ирээд буудахаас нь өмнө морьдондоо хүрэх хэрэгтэй. Нэг хурам гэдэг амь авч одоход ч, сумнаас зугтан мултрахад ч дэндүү хангалттай байдаг юм. 

Гэнэтийн буудалцаанд гайхаж балмагдсан Янсан хэдийнэ морьдоо мордоход бэлэн болгоод, өмнөөс нь тосчээ. Мэдрээг Янсанд дүүрүүлэн, хоёр сул морио Юмжавт хөтлүүлэн, хадан мухараас ухасхийн гарч, хажуугийн хуудас өгсөн дэргүүлэв. Энэ завсраа харин дайсныг эргэж харжээ. Хятад цэргүүдийн түрүүч өнөөх хадан үзүүрийн үхэр чулууны дэргэд ирж, явган суугаад буудаж байв. Харин сайрын адаг өөд хорь орчим морьтон өгсүүлэн явж байлаа. Тэднээс л урьдаж Улиастайн голын эхрүү давчих хэрэгтэй. Тэгвэл аврагдана. Гэвч нэг нь шархтай хүн дүүрээстэй, бас амаргүй. Өмнө талд нь алсад Байтагийн ноён оргил Алтан овоо, түүний хоёр талд Дүнхэгэр, Хөшөөтийн оргилууд чандмалан хөхрөөд, "Бушуу наашаа, Бушуу наашаа” хэмээх далдаж байх шиг байлаа.

(Баримтат уран сайхны туужаас хэсэглэв)
Б.Наминчимэд


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин