Саяхан нэг танил сэтгүүлч "Мэргэжлээ буруу сонгожээ. Сувилагч л болдог байж. Төлбөр төлөхгүй суралцана. Төгсөөд гадаад руу явахад өндөр цалинтай, ажлын байр элбэг. Наад зах нь ахмад настныг асарч, сувилах ажил хийчихнэ. Виз ч амархан гарна. Мөнгө хийх боломж сувилагчид л байна” гэж халаглав. Түүнийг ийн өгүүлэхтэй зэрэг өнгөрсөн жил хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ихэнх сувилагч нь тэтгэврийн насных байсан нь санаанд буув.
Тэр даруй Google -ээс "Сувилагч ажилд авна” гээд хайхад, 249 мянган илэрц гарч ирлээ. Цалингийн хувьд 1-2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд "Цагийн уян хатан нөхцөлтэй, ажлын таатай орчин, найрсаг хамт олонтой, унаа, хоолны мөнгө олгоно, илүү цаг бодно” гэх зэргээр давуу талаа эгнүүлсэн зар эрээлжиж байв. Тэдгээрээс "Шүдний эмнэлэгт, сарын хоёр сая төгрөгийн цалинтай” гэх хоёр сар орчмын өмнө нийтлэгдсэн зарын дугаар руу залгаж, ажлын байр байгаа эсэхийг лавласан юм. Харилцуур авсан эмэгтэй "Ажлын байр бий, цахимаар анкетаа илгээгээрэй” гэж найрсаг хариуллаа. Эндээс сувилагчаар ажиллах хүн ховор болсныг бэлхнээ харж болохоор. Түүнчлэн хоёр сая төгрөгийн цалинтай, илүү цаг бодно, хоол, унааны мөнгө олгоно гэх ажилд орох хүн олдохгүй байхад ачаалал өндөр, цалин багатай улсын эмнэлэгт сувилагч хомсдохоос ч аргагүй.
800 гаруй сувилагч дутагдалтай байна
Эргэцүүлэхнээ, нэг сувилагчид олон өвчтөн ногддог тухай болон манай улсад сувилагч хүрэлцээгүй байгаа талаарх асуудал 10 гаруй жилийн өмнөөс эхтэй. Гэвч ужиг асуудлаа шийдвэрлэж амжаагүй байтал цар тахал дэгдсэн нь "даарин дээр давс нэмнэ” гэгч болов. Тахлын жилүүдэд сувилагчид ажлаасаа гарч, нэг хэсэг нь өөр салбар руу хөрвөж, нөгөө хэсэг нь мэргэжил дээшлүүлэхээр чармайх болсон. Үүний улмаас угаас дэнжигнээтэй байсан эрүүл мэндийн салбар улам донсолж эхэлсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик мэдээллээс харахад, өнгөрсөн жилийн байдлаар манай улсад 13 мянга гаруй сувилагч ажиллаж байна. Энэ нь эмч нарын тоотой ойролцоо үзүүлэлт юм. Тэгэхээр нэг эмчид нэг сувилагч л ногддог гэсэн үг. Уг нь олон улсын стандартаар бол нэг эмчид хамгийн багадаа 2-3 сувилагч ногдох ёстой аж. Иймд манайд 800 гаруй сувилагч дутагдалтай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийнхэн "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр” судалгаагаар тогтоожээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь ерөнхий мэргэжлийн сувилагч аж. Гэхдээ г дээрх судалгаанд онцолсон байна.
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов уу?
Сувилагч цөөрсөн учир сувилагчийн сургуульд элсэх сурагчдын тоог нэмэх "мэргэн” санааг эрх баригчид сэдэв. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 501 байсныг нь 450 болгож бууруулсан юм. Түүнчлэн сувилагчаар суралцах хүүхдүүдийг үнэгүй сургах шийдвэр гаргасан. Тодруулбал, "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар төрийн өмчийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгчийн сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм. Гэхдээ сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхэд бүхэн тус тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад 501-с дээш оноо авсан байх шалгуур тогтоосон бөгөөд 2.8-3 хүртэл оноотой бол 70 хувь, 3-аас дээш бол 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлдөг байна. Тиймээс тэтгэлэгт хамрагдахын тулд оюутнууд дүнгийн хойноос чаргууцалдах болжээ. Улмаар дүнг нь тааруу гаргасан багш нарыг "хорхойтой араандаа зууж”, тэтгэлэг тасалдахад хүргэсэн гэх мэтээр буруутгах болсон байна. Түүнчлэн бусад чиглэлээр суралцахаар элсэх элсэгчийн тоо эрс буурсан байна. АШУҮИС-ийн хувьд нийт 28 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Гэвч элсэгчдийн олонх нь эмч, сувилагчийн ангид ордог аж. Ингэснээр бусад мэргэжлүүдэд ч хомсдол үүсэх эрсдэлтэйг мэргэжлийнхэн онцолдог
Сувилагчийн экспорт
Эдгээрээс гадна төсөвт багагүй ачаа болж буй тэтгэлэг гол зорилгоо биелүүлж байгаа эсэх нь нэн чухал асуудал юм. Ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд улс өөрийн зардлаар, үнэгүй сургасан ч тухайн хүн мэргэжлээрээ ажиллахгүй байх эсвэл гаднын улс орон руу явах, мэргэжлээ солих зэрэг тохиолдол цөөнгүй гардаг. Ингэснээр улсын мөнгө үр дүнгүй урсаж байна. Төгсөгчдийн олонх нь мэргэжлээрээ гурав орчим жил л ажилладаг байна. Үүний дараагаас цөөнгүй нь хэлний түвшингээ ахиулж, гаднын улсыг зорих болжээ. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар сувилагч мэргэжилтэй хэчнээн иргэн гаднын улсыг зорьсон талаарх нэгдсэн тоо, мэдээлэл хаана ч алга. Түүнчлэн дотоодод сувилагч мэргэжлээр төгссөн ч өөр ажил эрхэлдэг, эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан 10 мянга гаруй сувилагч байдаг гэх судалгаа ч бий. Ийн ямартай ч сувилагч үнэгүй сургах нь хүний нөөцийн бодлогоо чамбайруулах оновчтой шийдэл биш болохыг энэ процесс нотолж буй.
Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан
Үнэгүй сувилагч сургана гэнэ. Үнэгүй юм гэж үгүй. Улсын мөнгө бас хаашаа урсах вэ. Бэлтгэгдсэн хэчнээн олон сувилагч сувилагчийн ажлаа хийхгүй байгааг мэдэж байна уу. Хэчнээн олон сувилагч энд тэнд буудал цэвэрлэж, хөл хучиж янз бүрийн юм хийж явааг мэдэж байна уу. Цалин бага, хүнд ажлаа голсон нь гадаад явж л байна биз, тэр ажлыг хийх үнэгүй сувилагч нарыг нь бэлдээд өгье гэж байгаа юм уу. Энэ нь эрүүл мэндийн салбарыг чадварлаг, мэргэжлийн болгоход яаж нөлөөлөх юм. Үнэгүй сурах сувилагч биш, цалинтай, орлоготой сувилагч хэрэгтэй байна.
Тэдний асуудлыг бид шийдвэрлэж байна
Сувилагчаар ажиллах хүн ховордсон нь зөвхөн манай улсад тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн ихэнх оронд эрүүл мэндийн салбарын алба хаагчид хомсдож, сувилагчаар ажиллах сонирхолтой хүн улам цөөрсөөр байна. Сарын 1800 фунт стерлинг буюу найман сая орчим төгрөгийн цалинтай ажлаа голсон Их Британийн сувилагч нар ажил хаялт зарлаж, жилийн 80 гаруй мянган канад долларын хөлстэй ажилладаг Канад улсын сувилагч нар сувилахуйн ажлаасаа халширч буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж эхлэв. Түүнчлэн Азийн зарим улсад ч сувилагчаар ажиллах хүн ховордож, бусад улс орнуудаас энэ төрлийн мэргэжилтэн "импортлох” бодлого барьж эхэлсэн. Улмаар 10-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан, хэлний дунд түвшний мэдлэгтэй бол визний нөхцөлийг нь чөлөөлж, эх орондоо ажиллуулах бодлогыг цөөнгүй орон хэрэгжүүлж эхэлсэн. Мөн энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй элсэгчдийг эх орондоо тодорхой хугацаанд, тууштай ажиллах нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрөөс нь хөнгөлж, суралцуулж буй улс ч бий. Энэ нь бага цалингаар, ажлын хүндийг нугалж буй манай улсын сувилагч нарт том завшаан болов. Улмаар маш олон сувилагч гадаад явахыг зорьж, цөөнгүй нь зорилгоо биелүүлж байна. Харамсалтай нь, үүний уршгаар манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдал улам гаарлаа.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэбаатар
Сувилагч нар гадагшаа гараад дууслаа. Герман, Солонгос зэрэг хэд хэдэн улс мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулсан хүмүүсийн визний нөхцөлийг хөнгөлж, бодлогоор өөрийнхөө улс руу татаж байна. Ийн хүний нөөцийн гадагш чиглэсэн урсгал хэт ихсэхээр бүтээмжийн өсөлт, эдийн засгийн өсөлт, төрөлжилт зэрэг асуудал цөм байхгүй болно.
Эрүүл мэндийн салбар хэчнээн чухал болохыг болон сувилагч мэргэжлийн үнэ цэн, утга агуулгын талаар энд дэлгэрүүлэх нь илүүц. Ямартай ч төр энэ асуудлыг бодлогын түвшинд авч үзэж, хэрэгжүүлж буй шийдвэрээ эргэж харахгүй бол ард иргэдийг анагаах, сувилах хүн, хүчгүйд хүрэхэд ойрхон байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа