УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр реформын шинжтэй хоёр заалт орсон.
Эхнийх нь, Банкны тухай хуулийн 4.2.-т заасан "Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасан. Хуулийн энэ заалтыг банкууд 2022 оны зургадугаар сарын 31 гэхэд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан 2023 оны зургадугаар сарын 31 болгож сунгасан билээ.
Ямартай ч Монголын банкны системд нөлөө бүхий таван банк хуулийн хугацаандаа амжиж олон нийтэд хувьцаагаа гаргаж, нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болж чадлаа. Голомт банк 10.09, Төрийн банк 5, Хаан банк 10, Худалдаа хөгжлийн банк 5, Хас банк 5.01 хувьтай тэнцэх хувьцаагаа олон нийтэд санал болгож, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа амжилттай татан төвлөрүүлэв. Ганцхан Монголбанкны хяналт шалгалтад байсан банкууд Санхүүгийн зохицуулах хороо болон олон нийтийн хяналтад орж байгаа нь том дэвшил юм. Монголын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг арилжааны банкууд илүү олон хөрөнгө оруулагчтай, илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй ажиллах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа банкуудын гаргасан нээлттэй хувьцаа нэмэгдэх нь тодорхой.
Энэхүү шинэчлэл нь системийн нөлөө бүхий буюу банкны салбарын 5-аас дээш хувийг эзэлдэг том банкуудад илүү хамаарч байсан. Тэгвэл нийт банкуудад хамаарах гол шинэчлэл хүлээгдэж байна.
Удаах нь, Банкны тухай хуулийн 36.1.-д заасан "Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан билээ.
Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацаа 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, 2024 оноос банкны нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл дээд тал нь 20 хүртэл хувь болох ёстой. Банкны нөлөө бүхий хувь эзэмшигч хамгийн ихдээ 20 хувийн хувьцаатайгаа үлдэнэ гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкуудаас Хас банк энэхүү хуулийн шаардлагыг биелүүлж байгаа цорын ганц банк. Тус банкны нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувийн хамгийн дээд хэмжээ нь 20 хувь байгаа юм.
Бусад системийн нөлөө бүхий болон жижиг банкуудын хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийн төвлөрөл нэлээд өндөр байдаг. Нэг хуулийн этгээдийн эзэмшиж байгаа хувь 30, 40, 50 хувь зэргээр ялгаатай байгаа юм. Тиймээс банкууд хуулийн энэхүү заалтыг биелүүлэхэд хойрго хандах, цаашлаад хуулийн хэрэгжилтийн хугацаа дахин сунгагдах ч магадлалтай. Банкууд болон түүний эздэд дараагийн шинэчлэл илүү хүнд даваа байх болов уу.
Энэхүү хувь эзэмшлийн төвлөрөлтэй холбоотой заалт тусгай зориулалтын банк, төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд хамаарахгүй байхаар тусгасан байна.
Мөн 2021 онд Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дараах зүйлийг тусгасан.
-Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.
-Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.
-Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараах шалгуурыг хангасан байна:
-Тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх
-Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;
-Санхүүгийн чадавхтай байх;
-Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;
-Тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон байх;
-Өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байхаар Банкны тухай хуульд заажээ.