Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оуулахдаа Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа хувь хүртэх боломжийг хуулиар хаасан. Тодруулбал, хавтгайрсан халамж, намуудын популист амлалтыг хязгаарлах нэрээр "Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т тусгаж болохгүй агуулгыг шинээр томъёолохдоо иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн юм. Тус хуулийн 38.3.2-т "Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээхийг хориглоно” гэж тусгасан.
Тиймээс 2020 оны сонгуульд өрсөлдсөн нам эвслүүд байгалийн баялгийг иргэддээ хэрхэн зөв шударга хуваарилах талаар боломжийн санал санаачилга дэвшүүлээгүй. Бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй. Тэр бүү хэл олон жил хувь эзэмшдэг нэр зүүж яваа "Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа ч эдийн засгийн эргэлтэд ороогүй. Үр шимийг нь иргэд хүртэж чадаагүй.
Байгалийн баялгийг зөвхөн Үндсэний баялгийн сангаар дамжуулж иргэдэд хүртээнэ гэсэн агуулгыг Үндсэн хуульд тусгасан учраас эрх баригчид эрдэс баялгийн шударга хуваарилалт гэх ойлголтыг таг мартуулж, тас нуусаар ирсэн. Тэр цагаас хойш нэг парламентын бүтэн нэг бүрэн эрхийн хугацаа өнгөрч байхад Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа одоо болтол бүрэн боловсруулаагүй, УИХ-д өргөн бариагүй, хэзээ баталж, хэзээнээс хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Нэгэнт хуулийн ийм завхрал бий болсон учраас өдий олон жил иргэд шилний цаанаас санаа алдан чихэр долоож цөхөрсөөр, эрх мэдэлтнүүд хөшигний цаана санаа амар хулгай хийж цөлмөсөөр өнөөдрийг хүрэв.
Энэ гутамшигт үзэгдэл дахиад дор хаяж дөрвөн жил үргэлжлэх нөхцөл ч бүрдлээ. Яагаад гэвэл яг одоо ярьж эхэлж байгаа Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн төслүүдэд дээрх алдааг засч залруулах талаар огт тусгаагүй. Зөвхөн гишүүдийн тоо, намуудын хандив санхүүжилт, хүйсийн тэнцвэр зэрэгт төвлөрч байна.
Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нарын санаачилсан төсөлд:
- Нэр дэвшүүлэх, суудал хуваарилах
- Гадаад суугаа иргэдийн саналыг авах
- Улс төрийн намуудын бүртгэлийн асуудал
- Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудал
- Урьдчилан санал авах ажиллагаа зэргийг зохицуулах гэсэн үндсэн таван чиглэлийн өөрчлөлт оруулахаар тусгажээ.
О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын санаачилсан төсөлд:
- Тойрог, мандатын хуваарилалт
- Хүйсийн квот
- Тойргийн хорооны бүтэц зохион байгуулалт зэргийг чухалчилсан.
Харин намуудын мөрийн хөтөлбөрт хамаарах хэсэгт ямарч өөрчлөлт оруулах санаачилга гаргаагүй байна. Өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйл буюу "Мөрийн хөтөлбөр” хэсэгт 2019 онд оруулсан өөрчлөлтийг "төгс” болсон гэж үзэж буй бололтой.
Мэдээж сонгуулийн үеэр иргэдэд шууд бэлэн мөнгө, хувь хишиг амлах нь эдийн засагт ихээхэн хортой боловч үүнд дулдуйдан хэт механик хязгаарлалт хийсэн нь анхдагч шалтгаанаасаа ч хортой зүйл болоод байгаа. Ямар их хор уршиг гарч буйг эрх мэдэлтнүүдийн энэ их хулгай дээрмээс, иргэдийн ядуурал доройтлоос хангалттай харлаа.
Нөхцөл байдал ийм байхад эрх баригчид ч, сөрөг хүчин ч баялгийн шударга хуваарилалтын бодлогоор өрсөлдөх эрх зүйн орчноо эргүүлэн бүрдүүлэх талаар хуруугаа ч хошуугаа ч хөдөлгөхгүй байна. Парламентын гадуурх зарим нам баялгийн сэдвээр мэр сэр дуугарч байгаа ч "бай”-гаа огт онохгүй тэс хөндлөн хадуурна. Жишээ нь, ШИНЭ намынхан "Баялгийн хувьсгал” гэж ярихдаа улс төрийн намууд хэрэгжих боломжтой бодлогоор нээлттэй өрсөлдөе гэхийн оронд ганц том ордын бүх нөөцийг зах зээлийн үнээр тооцоод нийт иргэндээ хуваах замаар өнөө л улиг болсон популизмаа хийж байна. Иргэдэд ч Сонгуулийн тухай хуульд 2019 онд оруулсан дээрх хорт заалт, өөрчлөлтийн талаар ойлголт алга. Баялгийг зөв шударга хуваарилах бодлогоор намуудаа өрсөлдүүлье, тэр эрх зүйг нь бүрдүүлж өг гэж шахаж сануулах, шаардаж тэмцэх хүн ч байдаггүй. Энэ байдлаараа дахиад дор хаяж дөрвөн жил бид баялагтаа эзэн болно, хувь хүртэнэ гэж санахын хэрэггүй.
https://tsahiur.mn/n/s/15270
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа