|

Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийд


Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Майжиг хүрэн баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгаас түүхийн хосгүй үнэт олдвор ихээр олдлоо. Монгол Улсын ууган хотуудын нэг нь Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандманилан орших гурван том уулын зүрхэн тушаа газар, наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Есөн байгууламж бүхий хийд байна. Зөвхөн нэг байгууламжийн нэг хэсэг болох гол цогчины нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна.

Хоорондоо хэлбэр, өнгө зүс, ур хийц адилгүй, хэлбэр хийц нь давтагдаагүй 500 гаруй шавар бурхан илрэн олдсон тухай мэдээллийг сонсоод, тэнд очиж үзэх юмсан гэж бодогдож байв. Өнгөрсөн жилээс хойш Өндөр гэгээний байгуулсан нэгэн томоохон суурин хийд байсан газарт судлаачид ажиллаж байгаа гэх мэдээлэл их л содон сонин байсан нь энэ.

Чингээд Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, Төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай саяхны нэг өдөр уулзлаа. С.Чулуун докторт "Манай сонинынхон та бүхний илрүүлсэн Сарьдагийн хийдэд очиж өнжих гэсэн юм. Яаж хүрэх вэ? Түүхийн хосгүй үнэт олдворууд малтлагаар илэрч олдсон гэж дууллаа” гээд тулгасан байдалтайгаар хэлчихлээ. Өөдөөс "Хэн тэгж байна. Хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ” гэснээ "Энэ жил харин Хотын захиргааныхны дэмжлэг тусламжаар Хэнтийн нуруунд хоёр жилийн өмнө эхлүүлсэн малтлагаа нэлээд өргөн хүрээтэй эхлүүлээд гурван сар орчим ажиллаж байна. Мэдээж чухал олдворуу­даас гадна хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийгээд байна. Бидний хийсэн малтлагаар XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдэг нь тодорхой болж байна. Энэ нь түүхийн олон эх сурвалжаар батлагдаж байгаа юм. Бид­ний зүгээс танай сонины сэтгүүлчид очиход татгалзах зүйл байхгүй. Харин малтлага хийж байгаа газарт хүрнэ гэдэг их хэцүү. Машинаар гарах юм бол Зил-131 машинаар хоёр өдөр болж байж арай гэж очно. Гэхдээ саяхан бороо их орсон гэсэн. Намагт суучих юм бол цааш явна гэж саналтгүй. Шатахуун, тос ч их орно. Өөр нэг арга гэвэл Мөнгөнморьт сумын ойролцоо очоод мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин яваад үдшийн бүрийгээр Сарьдагт хүрнэ. Замдаа саатах юм бол хөвчид хонох болно. Би саяхан мориор яваад ирлээ. Гэхдээ долоо хоног хүлээж чадна гэх юм бол нисдэг тэргээр явах санаа байна. Гол эвдрэх магадлалтай олдворуудаа татаж ирэх юм” гэлээ. Бид тохиролцож, долоо хоногийн дараа Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн "Ми-8” нисдэг тэргээр Сарьдагийн хийдийг зорин гарлаа. Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буулаа. Эндээс хэдэн километр орчим өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэв.

Хөвчид намар цаг хэдий­нэ иржээ. Модны навчис шаргал, улаан, ногоон өнгөөр солонгорч харагдах аж. Цэв цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалах зуур хаа нэгтээгээс шувуудын эцэж цуцахаа мэдэхгүй шулганан жиргэх, голын ус хоржигнон урсах нь байгалийн хөгжим гэлтэй. Сагсгар сүүлтэй хэрэм модноос модонд дүүлж, хөвч тайгад хэн ирэв гэх шиг сониучирхана. Час улаан, хар хүрэн өнгийн будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг аньс, улаалзгана тэргүүт жимс ургажээ. Хэзээ мөдгүй бөөрөөрөө язрах гэж байна уу гэлтэй бүрэн боловсорсон байгаа харагдав. Багахан салхи гарахад л ишнээсээ мултарч унахад хэдийнэ бэлэн болсон байв. Хуш модыг багахан доргиоход боргоцойн бороо нирхийтэл буугаад ирэх юм. Ай, өвлийн өмнөх намар цагийн хөвч тайга ийм л тансагхан байдаг ажээ. Ой дундуур уул өөд алхаж явтал Сарьдагийн хийдийн малтлагыг ахалж байгаа залуу судлаач Э.Уртнасан биднийг тосон ирлээ. Мэнд мэдэлцээд л шууд ажил хэрэгтээ орж байгаа юм. С.Чулуун доктор "За юу болж байна. Хоол унд давгүй юу, малтлага хэр явж байна, олдворуудаа бүртгэлжүүлж байна уу. Хойд хэсгийн тасалгааг малтчихсан биз дээ” гэж асууж байна. Хариуд нь Э.Уртнасан "Дахиад хэдэн жижиг бурхан олдсон. Голын жижиг тасал­гааг бүрэн гаргасан. Үүдний довжоо хаалга бүрэн нээгдсэн. Одоо зүүн хойд хэсэг рүү орж байна” гэлээ. "Болгоомжтой үзэж байгаа биз дээ, цаадуул чинь. Тэр хэсгийг л маш болгоомжтой байхгүй бол хана хэрэм нурах аюултай шүү гэж сануулж байх юм. Удалгүй хүрэх газраа очлоо. Биднийг очих үед малтлага ид явагдаж байсан юм. Зүүн хойд хэсгээс жижиг бурхадын толгой ярайтал цухуйж байлаа. Мөн том хэмжээний шавар бурхан давхар хэрмийг нурахад цөм цохигдсон байдалтай гарч ирж байлаа.

Цагаан хотын дүр зураг

Хотын туурь байсан газрыг бүхэлд нь модоор хашаалжээ. Хашаан дотор овгор шороон далан байв. Энэхүү шороон далан Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсныг илтгэж байгаа аж. Шороон хана хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Мөн шороо, чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьсан хэсгийг ил гаргажээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбай өрсөн байв. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой мэдэгдэх юм. Монголчууд Цогт хунтайжийн цагаан хот, Эрдэнэбаатар хун тайжийн цагаан сайр хот байсан туурийг мэддэг байсан. Тэгвэл XVII зуунд Хан Хэнтийн нуруунд байгуулсан Өндөр гэгээний цагаан хот Сарьдаг уулын өвөрт оршин байсныг илрүүлээд байгаа нь энэ аж. Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон байна. Суваргыг шинжилж үзэхэд Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байгаа гэнэ. Суварга дотроос аравнайлсан зүйлс нь яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. Модон хаалга болон, хаалганы нугас гэх мэт зүйлс малтлагаар олдсон байна. 100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь хагалж хавтгай болгосон чулуугаар шал хийжээ. Ингэхдээ чулуугаа хөрсөнд шигтгэж дэвссэн байна. Одоогоор цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогдсон гэнэ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьж байсан нь илэрчээ. Чулуугаар суурь хийж, дээр нь сүм, дуганаа барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай. Дундаа том цогчин дугантай. Тэрийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсан гэдгийг олж тогтоосон нь энэ. Ингээд есөн объект байгаагийн хамгийн том байж болох цогчин дуган байж магадгүй овгор шорооноос малтлагын ажлаа Түүх, археологийн хүрээлэн­гийнхэн хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү нөхцөлтэй газарт малтлага ер нь хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын эрдэмтэн судлаач нар өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр анх удаагаа үндэсний том экспедицийг эхлүүлэн, амжилт­тай малтлага явуулж байна. 300 гаруй жилийн турш аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй шахуу хийдийн туурийг малтан судлах ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхлоо. Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатар сургуулийн оюутан зэрэг 30 гаруй шижигнэсэн залуус малтлагын ажлыг хийж байв. Биднийг очих үед залуус чөлөө завгүй шороо, чулуу зөөж байв. Ёстой л залуу насны эрч хүчээр ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Гол цогчин дуган байсан газрыг хэд хэдэн үе шаттайгаар ухаж эхэлсэн байна. 300 гаруй жилийн настай мод зайлуулахаас эхлээд хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн кублэж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд маш нягт нямбай овоолсноос залуус яаж ажилласан нь бэлхэн харагдана. Археологийн судал­гаа бол зүгээр газар малтахаас тэс өөр, өөрийн дэг ёстой, ном журамтай. Үнэхээр хүнд нөхцөл, их хүч, зориг орж л энэ соёлын гайхам­шигт өв бидэнд дахин эргэн ирж байгаа юм байна лээ.

Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ. Малтлага эхлүүлсэн Дуганы баруун хойд хэсэг тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонх байсан ул мөр олдсон бай­на. Салхивч цонхноос дээш ханын үлдэгдэл хоёр метр гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг харуулж байгаа аж. Түүнчлэн ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч иржээ. Монголчууд 1654-1687 оны үед тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсан нь эдгээр эд, олдвороор нотлогдож байгаа аж. Өөр нэг нотлох зүйл нь уг барилгын дээврийг чимэглэл бүхий ваараар битүү чимэглэсэн байжээ. Дуганы шалыг арав гаруй см хэртээ шороо дэлдэж, нягтаршуулж хийсэн, мод дөрвөлжилж палк шиг болгоод тусгайлан янзалж зассан нь тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байв. Том хийд байж магадгүй гэх энэхүү хэсгийг гурван жилийн турш малтан энэ зун л гол олдворуудаа гаргаж эхэлсэн байна. Малтлагын гүн гурван метр гаруй болоод ирэх үед бадам цэцгийн суурин дээр завилан суулгаж урласан 15 см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхад Язгуурын таван бурхан гэдэг нь тодорхой болсон байна. Байгууламж нурах үед эвдэрч хэмхэрсэн байдалтай маш олон бурхан олдоод байгаа гэнэ. Одоогоор Язгуурын таван бурхадыг сэргээн засварлаж, янзлаад байгаа нь мянга орчим болжээ. Цаана нь сэргээх олон зуун бурхан байгаа гэсэн. Удахгүй гарч ирсэн бурхадыг бүгдийг нь сэргээх аж. Маш нарийн бүртгэлжүүлэн баримтжуулж, тусгай дугааруудыг сэргээн засварлагч залуус газар дээр нь хийж байсан юм.

Нарийн хийцтэй маш том бурхан олдлоо

Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө эндээс түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийг гарган авсан байлаа. Дөрвөн хөл бүхий тулган дээр хүрэл тогоо тавьж, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан байсан гэнэ. Мөн тогоон дотор будааны төрлийн ургамал болон хушга, том ясан үртэй жимс зэргийг хийсэн байжээ. Эдгээрийн дээр олон хэсэг хугарсан боловч ямар нэгэн бурхан зурсан нь илт мэдэгдэх хоорондоо наалдсан, тэнийл­гэж үзэх боломжгүй болсон нимгэн мөнгөн ялтас олдсон байна. Мөн тогоон дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрхиний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд илэрсэн байна. Тулган дотроос тогооны ёроолын хагархайнуудын хамт ган дөш гарчээ. Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатрын цээж хэсгийн өмсгөл, түүний дээр ялтсан шилэвчтэй төмөр дуулга байжээ. Үүний хоёр талаас илд олдсон бөгөөд зүүн талын илдний гадна талд цахиур гар буу тавьсан байсны мод нь өмхөрч үгүй байсан гэнэ. Хамгийн чухал нь метрийн голчтой бурханы суурь байх бөгөөд үүний урд талд байрлуулсан модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт найман тахилын дөрөв нь хос загас, бумба, бадам цэцэг, найман хэгээст алтан хүрд байсан гэнэ. 1600 оны үед баатруудын өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гээд үнэт соёлын өвийн зүйлс олноор гарчээ. Харин биднийг очих үед нэгэн сонин зүйл дуганы нэг хэсгээс олдсоныг малтах ажил хийгдэж байлаа. Залуус нялх хүүхдэд хүрэх гэж байгаа юм шиг л маш болгоомжтой малтлага хийх аж. Хөрсний өнгөн хэсгийг хүрз, жоотуугаар ухахаас биш бусад үед багс, бийр шиг зүйлээр шороог цэвэрлэж байгаа нь маш их ажиллагаа, тэвчээр шаарддагийг харуул­на. Э.Уртнасан, Ч.Энхтуул нар илэрсэн бурханы нэг хэсгийн шороог гаргаж байв. Шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан болохоор хамаагүй хүрвэл эвдэх аюултай. Ихэд нандигнан, маш болгоомжтой хандаж байв. Ягаан туяатай шавар зүйлийн хажуугаар мөн л атгасан гараас арай томхон бурханы толгойнууд ярайтал цухайж харагдах ажээ. Тэнд байсан 30 гаруй хүн нам гүм. Амьсгалах чимээ л сонсогдох юм. Бүгд л юу гарч ирэхийг амьсгаа даран хүлээсээр байлаа. Дотроо бүгд "Хурдхан гаргаад ирээсэй” гэж яарч байгаа нь илт. Гэхдээ ийм зүйлд яарч болохгүй гэдгийг археологичид юу эс андах билээ. Яарвал түүхийн хосгүй үнэт өвийг эвдэж сүйтгэж ч мэднэ. Малталт хийж байгаа хүмүүсийн ард сэргээн засварлагч Н.Нандинцэцэг бэхжүүлэгч бодисоо барьчихсан бэлэн зогсож байгаа. Малтаж буй зүйлс бүхэлдээ гараад ирвэл бэхжүүлэх ёстой.Үүний дараа байрнаас нь хөдөлгөж гаргаж ирэх юм. Хэсэг малталт хийлээ. Тэгсэн ямар нэгэн том зүйлийн гар байж магадгүй зүйл тодроод байх. Хумс, хуруу, сарвууны ар, шууны хэсэг яах аргагүй мөн байлаа. Их том гар эхлээд олдлоо. Түүний дараа тэр хэрийн хэмжээтэй хөлийн хуруу цухуйж байна. Археологичид "Том бурхан энд байрлаж байжээ. Ямар бурханыг ингэж том хийсэн юм бол. Хийдийн хамгийн гол шүтээн байж дээ. Хөл, гарны цаахна их бие, толгой нь байж таараа” гэж хоорондоо ярьж байлаа. Ингээд том хэмжээний шавар бурханых байж болох 130 см урт гар, 120 см урт хөлийн хугархайг бидний дэргэд илрүүллээ. Уг бурханыг бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Гар, хөлний хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид ярив. Мөн дундуураа хуваагдсан Язгуурын таван бурхан байж магад­гүй арав гаруй жижиг бурхан хажуухнаас нь гарлаа.

Ирээдүйн шилдэг судлаачид энд бэлтгэгдэж байна.

Хээрийн судалгаанд Түүх, археологийн хүрээлэн, их дээд сургуулийн мэргэжлийн ангийнхан хэдэн жил ажил­лаж байна. Тэднээс Сарь­дагийн хийдийн малтлага судалгаагаар Э.Уртнасан, Ч.Энхтуул, сэргээн засварлагч бөгөөд шавар урлалын чиглэлээр Н.Нандинцэцэг, бурхан урлал талаас нь Богдын музейн судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх талаас нь угсаатны зүйч Г.Бямбарагчаа, сэргээн засварлах, уран барилга талаас нь залуу судлаач Батцоож нар гээд бүгд л чиглэл чиглэлээр мэргэшиж байгаа мэргэжилтнүүд ажээ. Сэргээн засварлагч Н.Нандинцэцэг "Монголчууд ямар мундаг уртай байсан бэ гэдэг нь энэ хотын тууринаас олдсон зүйлсээс илт байна. Олдож байгаа бурхадын хувьд маш нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа олдож байгаа мөртлөө хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй хийцтэй байна. Язгуурын таван бурхан гэхэд олноор олдож байгаа. Тэгсэн мөртлөө нүд, суурины бад зэрэг нь өөр байгаа юм. Цэцгийн дэлбээ нь есөн ширхэгтэй байхад нөгөөх нь 11 ширхэгтэй байдаг ч юм уу. Бас газар доор гурав, дөрвөн зуун жил болчихсон болохоор олдворууд мөөгөнцөр нян бактери ихтэй байдаг. Үүнийг нь спиртээр саармагжуулаад дараа нь бэхжүүлээд авч байна” гэв. Бага үдийн алдад том бурханы хөл, гарыг малтаж эхэлсэн багийнхан нар шингэхийн алдад бүрэн бүтнээр нь гаргаж чадлаа. Маш том толгойтой, цээжний хэсэг гээд бүхий л зүйлс нь нарийн хийцтэй бурхан ажээ. Цогчин дуганы их шүтээн байсан бололтой. Удахгүй хэдэн метр бурхан болохыг шинжилгээгээр тогтоох юм гэсэн. Том бурхан гаргасан багийнхан бүгд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь тодхон харагдах ажээ. Том ажлын ард гарч байгаа нь энэ.

Хөвчид эрт харанхуй болдог ажээ. Нар хэдийнэ баруун уулын цаагуур гудайчихсан байлаа. Сарьдагийн хийдийн малтлага хийж буй багийн залуус "Эхлээд хөвчид ирээд чулуу, шороо зөөгөөд шантарч байлаа. Өглөөнөөс орой болтол шороо, чулуу зөөнө. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Хамгийн ойрхон айл 70 километрийн цаана байдаг. Одоо харин ажил жигдрээд сайхан байна. Бид Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү газар малтлага хийж байна. Бас хамгийн том малтлагыг хийж байна. Маш их зүйл сурч мэдэж авч байна. Дээрээс нь цалин хангамж сайн байгаа болохоор сэтгэл хангалуун байна. 32 жилийн турш олон мянган хүн хүч хөдөлмөрөө шингээж барьсан хот юм чинь эргээд малтахад хэцүү байх нь аргагүй шүү дээ” хэмээн ярьж, инээлдэж байлаа. Тэд малтлагаа дуусгаад хоол, цайндаа орчихоод сагс, волейбол тоглон шуугилдах ажээ.

Сарьдаг уулын өвөрт Монголын нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг анх байгуулж байсан түүхэн баримт

Хэнтийн нурууны энэ тайгад 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазар хот барьж байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ гэдгээс би асуултаа эхлүүллээ. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун "Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг. Энэ талаар судалгаа хийгээд л байсан. Судалгаанаас маань жил ирэх тусам энд том хэмжээний хийд бүхий хотын туурь байгаа нь мэдэгдэж байсан. Бид чинь хэдэн жилийн өмнө ямар ч мөнгөгүй шахуу хүрээлэнгийн хэдэн залуус анхны судалгааг явуулж байснаа бодвол хамаагүй дээр нөхцөлд үр дүнтэй ажиллаж байна” гэв.

Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвэд хэлээр бичиж дуусга­сан "Гэгээн толь” хэмээх бүтээлдээ багтаан оруулсан байдаг аж. Дээрх бүтээлд "Богд Жибзундамбын ердийн товч намтар” хэмээх намтар зохиолд Сарьдагийн хийдийн түүхэнд холбогдох анхдагч сурвалж байдаг аж. Уг сур­валж бүтээлд "Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад "Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагийн аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой харагддаг байна.

Мөн үүнийг хожуу үед зохиогдсон "Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх мон­гол сурвалжид "Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ. Дээрх түүхэн эх сурвал­жаар их сонин зүйлийн зангилаа тайлагдаж байгаа гэдгийг Монголын нэртэй түүх судлаачид онцолж байгаа гэнэ. Дээрх түүхэн эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй холбогдох ихээхэн чухал мэдээ болж байгаа гэнэ. Хэнтийн ууланд Өндөр гэгээний байгуулж эхэлсэн тэрхүү хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээнийг одоо­гийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар (хуучны Хүрээ, Их Хүрээ)-ыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болох гэнэ. Учир нь Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдийн аль алинд Өндөр гэгээн Халхын шашны тэргүү­нээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг бай­гуулагдсан 1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй гэнэ.

Харин Их Хүрээний уламжлалт заншил ёсоор Хэнтий ханд суурин сүм хийд байгуулагдсан хөх морин жил буюу Сарьдагийн хийдийг байгуулсан 1654 оныг Их Хүрээ байгуулагдсан он гэж албан ёсоор тооцдог байна. Улаанбаатар хот байгуулагд­сан ойгоо дээрх оноор одоо тооцож байгаа билээ. Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа "Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэгдсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Зана­базар анх Монгол Улсын нийс­лэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүх­тэй гэдгийг С.Чулуун док­тор онцолж байлаа.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш барьж байгуулсан болох нь нотлогдох түүхэн баримт ч байдаг гэнэ. Цагаан хотыг барьж дуусгасан тухай Зая бандидын зохиосон "Өндөр гэгээний намтар”-т, "Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс Зая бандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Зөвхөн нэг хийдийн туурийг малтахад ховор эд зүйл олон гарч байхад дараагийнхаас нь юу гарч ирэх бол...

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн домог байдаг. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон түүхтэй. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны дараа нарны гэрэлд цогчин дуганы орой шаргалтан харагдаж байсан гэсэн түүх байдаг. Тэгвэл түүнийг батлах зүйл олдсон байна. Сүмийн дээврийг хооронд нь углуургаддаг ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь олджээ.

Захирал С.Чулуун "Анх хөвчид хот балгасын туурь байна. Түүхийн сурвалжаар Өндөр гэгээний барьсан хот бололтой. Малтаж үзэх гэсэн юм” гээд хөрөнгө санхүү гаргуулахаар хүмүүстэй уулзсан. Гэвч "Яаж ч бодсон хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх хүн, газар олдохгүй байсан. Тэгэхээр нь зориг гарган хүрээлэнгээс боломж бололцоогоороо хөрөнгө гаргаад Сарьдаг руу намар морь хөлслөн гарсан. Бид намар оройтож ирсэн юм. Очоод хоносны маргааш нь нэвсийтэл цас уначихсан. Шөнө оройдоо бузгай хүйтэн болчихсон байлаа. Гэвч бид дараа жил малтах газраа сон­гох, хотын зураглал үйл­дэх, орчны байдал, аман түүхийн мэдээлэл гээд нэлээд үр дүнтэй буцсан. Тэр үед үнэхээр "Энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна. Энэ төслийг зогсооё гэж хүртэл бодогдож байсан. Анх ийм олдвор гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй. Булганы Хар бухын балгаснаас гарч байсан шиг үйсэн дээрх бичиг, чулуун хөшөө зэрэг гарч магад­гүй гэж төсөөлөн бодож байлаа. Гэхдээ бид одоо түүх, археологийн түүхэнд том гавьяатай хүмүүс болчихсон шүү. Үнэндээ олдвороос илүү энэ хотын бүтэц зохион байгуулалт чухал байсан” гэв.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ.1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейтэй хамтарч энд ирж үзчихээд буцсан байдаг аж. Гэхдээ нэг өдөр өнжиж, ганц хоёр газраас дээж авснаас цааш­гүй байсан гэсэн. Гар бие, сэтгэл нийлж чадвал үр дүн заавал гардаг гэдгийг эндээс харж болохоор байлаа. Өнгөр­­сөн жилийн малтлагын дараа Улаанбаатар хотын захиргаатай хамтран Олон улсын хурал хийх үед Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад "Үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг судалгаа эзэнтэй болж, энэ дайтай хийгдэх үүд нээгдсэн аж. Малтлагийн багийнхан Э.Бат-Үүл дарга, Нийслэлийн Тамгын газрын дарга Ё.Гэрэл­чулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хан хэнтийн Дархан газрын захиргаа, түүний захирал Б.Хаш-Маргад болон бусад тусалж дэмжсэн бүх хүмүүст танай сониноор уламжлан талархлаа илэр­хийлж байна” гэсэн. Малт­лагаас гарч ирсэн зүйлсийг газар дээр нь сэргээн засвар­лаж, бүртгэлжүүлж, судалгаа шинжилгээ хийж, тусгайлан бэлдсэн хайрцаг саванд хийн Улаанбаатарт авчирч байгаа юм байна.

Сарьдаг, Сонгино ян, Бух ян гэсэн гурван уулын зүрхэн тушаа газарт орших Сарьдагийн хийд далайн түвш­нээс хоёр мянган мет­рийн өндөрт оршиж байгаа гэсэн. Онгоцоор нисч, ойр хавийн уулсыг судалж үзэхэд яг ийм байрлалтай газар олдоогүй байна. Мөн Сарьдаг уулсынхаа хоёр сугаар гол урсаж, Туул голын эх рүү нийлсэн байгалийн тансаг үзэмжит газар монголчууд нийслэл хүрээгээ анх барьж байсан түүх ийм ажээ. Бүрэн­хий болсон хойно Улаан­баатар руу бид ниссэн юм. Ийнхүү монголчуудын соёл, түүх, ур, оюуны гайхамшгийг гэрчлэх судалгааны асар их түүхэн баримт бүхий бүхэл бүтэн хотын туурь Хэнтийн нуруунд цаг, минутаар "босож” байна.

Эх сурвалж: өдрийн сонин



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2024/03/14, 13:46
2018/12/12, 09:32
2016/07/25, 08:50
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин