|

Шүүх засаглалын толгойд байгаа "тэрбумтан"-уудыг шүүрдье


Шүүх засаглалын толгойд байгаа "тэрбумтан"-уудыг шүүрдье

 

Бүтэн жил тойрон Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэрэгтнүүдтэй "хөөцөлдлөө”, бид. Төрийн ордны төв хаалгыг цөмлөж үзэв, төмөр хашааг нь нурааж ч үзэв. Сошиал орчинд ч, саарал ордны өмнө ч "Хулгайчдаа зарла” гэж хашхирсаар, төв талбайг амраалтай хавартай золголоо. Эцэст нь, хулгайд оролцсон гэх хэдэн хүний нэртэй болцгоож авлаа. Гэхдээ хулгайчаасаа салчихлаа гэж санаа амрах болоогүй. Эцсийн шийдвэрийг буюу хэнийг нь хамгаалж, хэнийг нь хорихыг шүүгч нар шийднэ. 
 
Иймд, Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс шат шатны шүүхийн шүүгч нарын хэн нь хэн болохыг, хэнтэй халаас нэгтэй, хэний хамааралтай болохыг баримтаар, бас цувралаар танилцуулж эхэлж байна.  Энэ удаад эрэмбээр нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сэнтийд хамгийн удаад заларч, алх атгаж байгаа Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, М.Батсуурийг нарын баримтыг танилцуулахаар бэлтгэлээ. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН- УУЛ УУРХАЙН 30 КОМПАНИ

    Ц.Элбэгдорж "Шүүхийн эзэн” гэж олон жил яригдаж буй. Оргүй ч юм биш, олон баримт бий. Жишээ нь, Ц.Элбэгдоржийн Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон анхны хүн нь Дамдины Эрдэнэбалсүрэн. 
 
    Д.Эрдэнэбалсүрэн эцэг эхээс есүүлээ, Ховд аймгийн Зэрэг суманд Ц.Элбэгдоржтой айл саахалт, ах дүү, анд найз болж өсөцгөөсөн. Тэр тусмаа Д.Эрдэнэбалсүрэнгийн том ах Д.Чадраабал нь Ц.Элбэгдоржтой "шороо идэж” өссөн, хамгийн дотнын, хар багын хоёр. Тиймдээ ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо багын найз Д.Чадраабалыгаа ЕТГ-ын Ахлах референт гэх хүний хараанд өртөөх байхааргүй албан тушаалд суулгаж, харин цаагуураа Төрийн дээд одон медаль хариуцсан хэлтсийг түүнд даатгасан байдаг. Улмаар Ц.Элбэгдорж 2012 оны хоёрдугаар сарын 6-нд зарлиг гаргаж, багын найз Д.Чадраабалынхаа төрсөн дүү Д.Эрдэнэбалсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон түүхтэй.
Тайлбар: Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбалсүрэнгийн том ах Д.Чадраабал
   Тэр үед Д.Эрдэнэбалсүрэн шүүгч биш, шүүхийн танхимд алх ч цохиж үзээгүй нэгэн байв. Тухайлбал, тэр 1991-1995 онд төрсөн нутагтаа буюу Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокуророор ажиллаж байсан. 1995 онд Улаанбаатар хотод орж ирж, Улсын Ерөнхий прокурорын газарт 2002 он хүртэл туслах прокуророор ажилласан. Харин 2002-2012 оны хооронд төрд ажиллаагүй, хувиараа буюу "Эрч чөлөө, эрх зүйт ёс” ТББ-ын тэргүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэгдэж явсан. Ингээд 2012 оны хоёрдугаар сард том ахынхаа буянаар Улсын Дээд Шүүхийн шүүгээр томилогдсон. Өдгөө 11 жил энэ албан тушаалаа хашиж байгаа. Ц.Элбэгдорж багын найз Д.Чадраабалыгаа ч хоосон орхиогүй бөгөөд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухаасаа хэдхэн сарын өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард Д.Чадраабалыг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод суух Ерөнхий консулаар томилуулсан байдаг. 
 
   Д.Эрдэнэбалсүрэн Улсын дээд шүүхийн шүүгч болгож өгсөн Ц.Элбэгдоржийг ачийг олон ч удаа хариулсан гэдэг. Хамгийн сүүлд, Д.Эрдэнэбалсүрэн Сангийн сайд асан С.Баярцогтыг ялаас мултрахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж хэвлэлээр "од” болсон. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял сонсоод Улсын дээд шүүхэд очиход нь Д.Эрдэнэбалсүрэн "С.Баярцогтын гэм буруу бүрэн батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргасан байдаг. Энэ дагуу Улсын дээд шүүхээс С.Баярцогтод ногдуулсан анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд С.Баярцогтын хэрэг буцаад АТГ-т очиж, харин АТГ-ынхан С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, НПГ-аас хэрэгсэхгүй болгосон. Товчхондоо, ял сонсоод байсан С.Баярцогтын шорон явах замаас нь буцааж авчирсан хүн нь шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гэдэг. Хэргээ хэрэгсэхгүй болгуулж, ялаас мултарсан С.Баярцогт Ц.Элбэгдоржийн талаас АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж явсныг нь сануулах нь зөв байх.  
 
Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгчийн сэнтийд 11 жил заларсан Д.Эрдэнэбалсүрэн болон түүний ах, дүү нар цөм бизнесмен болцгоожээ. Өөрийнх нь болон ах дүү нарын компаниудыг нийлж тоолбол 40 гарч байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2017 оны гуравдугаар сарын 16-нд Ганболдын Болдбаяр, Бат-Очирын Оюунбат, Болдбаатарын Билгүүн нарын хамт "Талкум ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулсан. "Талкум ресурс” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэнгийн төрсөн дүү Д.Буянбал бүртгэлтэй байдаг. Тус компани Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт Дэл нэртэй XV-020076 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Цааш нь хөөвөл, "Талкум ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ганболдын Болдбаяр нь "Саусгоби даймонд” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2022 он хүртэл "Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч, урагш нь гаргадаг байсан гэх мэтээр нүүрс рүү хөтөлнө. Харин Д.Эрдэнэбалсүрэнгийн үү Э.Лувсангэндэн нь "Элмундо” ХХК-ийг, Э.Лувсангалдан нь "Агастра” ХХК, "Дүрс од” ХХК-ийг тус тус эзэмшдэг. 
Тайлбар: УБЕГ
Цаашилбал, Д.Эрдэнэбалсүрэнгийн төрсөн дүү Д.Буянбал уул уурхайн чиглэлийн 27 компани эзэмшдэг ажээ. Тодруулбал, "Талкум ресурс” ХХК, "Кернель” ХХК, "Индастриал метал саплай” ХХК, "Стайнлесс стийл” ХХК, "Төв жаргал” ХХК, "Чалко минералз” ХХК, "Чалко хилл” ХХК, "Чалко ресурс” ХХК, "Шанддов” ХХК, "Ханбумбат инвестмент” ХХК, "Юу Би Ти Эс” ХХК, "Праймлайнс” ББСБ, "Смартгрийн партнерс” ХХК, "Сеносайт интернэйшнл” ХХК, "Сеносайт” ХХК, "Барит толгой” ХХК, "Авалон металс” ХХК, "Шэньхуа энержи” ХХК, "Бизнес сервис солюшенс” ХХК, "Бествендор” ХХК, "Майнинг депозит” ХХК, "Нобель трейд” ХХК, "Таван улаан” ХХК, "Хэвийн эхэн” ХХК, "Элемент сток” ХХК, "Юу Эс Эс трейд” ХХК, "Дарцагтын шил” ХХК, "Голден гоби резервс” ХХК-уудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Дээрх компаниудын ихэнх нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Ингэхдээ Д.Буянбал хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй "Чалко менералз” ХХК, "Барит толгой” ХХК-уудыг Баяраагийн Баяртбилэгтэй хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл Б.Баяртбилэг нь Голомт банкны Зээлийн газрын захирлаар ажилладаг юм байна. 
 
      Хамгийн ноцтой нь, Д.Эрдэнэбалсүрэнгийн төрсөн дүү Д.Буянбал дээрх компаниудаас гадна УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хадам ах, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатан, өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Д.Буянтогтохын эзэмшдэг "Засаг чандмань майнз” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ажээ. Улсын дээд шүүхийн шүүгчийн төрсөн дүү нь уул уурхайн компаниуд "өндөглүүлж”, тэгээд болоогүй улсаасаа зугтсан "хэрэгтэн”-ий хувийн компанийг удирдаж байсан нь зүйд нийцэх эсэхийг уншигч та тунгаах биз. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР- ББСБ-ЫН МӨНГӨ ХҮҮЛЭЛТ БА БАНК

     Ч.Хосбаяр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүний амь хохироосон хэрэгт буруутгагдсан Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх нарын хурандаа, генералуудын хэрэг болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэргийн шүүх хурлыг даргалж, ял оноосноороо Ц.Элбэгдоржид тоогдсон. Улмаар 2015 оны дөрөвдүгээр сард Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Товчхондоо, "Эбигийн хүн” гэж хаягтай, "Хонгилын шүүгч” гэх хочтой шүүгч нарын нэг. Дээрээс нь, Ч.Хосбаяр мөн л Ц.Элбэгдоржтой нэг нутаг буюу Ховдынх. 
 
Ч.Хосбаяр шүүгч нар дундаа хамгийн хөрөнгөлөг нь гэгдэж ирсэн. Тиймдээ ч 2019 онд АТГ-аас Ч.Хосбаяраас хэд хэдэн удаа байцаалт мэдүүлэг авч, тэр ч хэд хэдэн хэвлэлд "Надад хурааж хуримтлуулсан ямар ч хөрөнгө байхгүй, бусдын адил зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа” хэмээн ярилцлага өгч байлаа. Гэвч хэрхсэн нь тодорхойгүй тэгсгээд мартагдсан. 
    Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярыг зарим шинэ баримтыг зах зухаас нь танилцуулъя. Ч.Хосбаяр эцэг эхээс зургуулаа. Төрсөн дүү Ч.Саналбаяр нь ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын даргаар ажилладаг. Харин эмэгтэй дүү Ч.Содончимэг нь Эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр ажилладаг. Төрсөн ах нь УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүнээр ажиллаж байхад төрсөн дүү нь Эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын зөрчилд тооцоогддог гэх. Гэтэл тэдэн бол хамаардаггүй аж. Мөн Ч.Содончимэг нь "Цаст холдинг” ХХК, "Сэтгэлийн түлхүүр” ТББ-ыг эзэмшдэг ажээ. 
 
     Харин Ч.Хосбаяр өөрөө "Үнэнч Итгэл” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг. Тус ББСБ нь автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгодог. Өдгөө шүүгч нар ямар ч багш, эмчээр хэд дахин илүү цалин авч байгаа. Атал авсан цалингаа хувийн ББСБ-аараа эргэлдүүлж, "мөнгө хүүлдэг” байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Эргэн сануулахад, Ч.Хосбаяр "Шүүгч нарын цалин өндөр байвал авлигаас ангид байх боломжтой” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан хүн.  
Цаашилбал, Ч.Хосбаярын охин Х.Алимаа, Х.Намиун нар нь "Даянпан” ХХК-ийг эзэмшдэг. Охин Х.Алимаа нь "Оюу толгой” ХХК-д ажилладаг бол хүргэн Б.Батбаяр нь Үндэсний статистикийн хороонд 2021 оноос Ахлах референтээр ажиллаж эхэлсэн.
 
     Хамгийн ноцтой нь, Ч.Хосбаярын худууд нь банкны эзэд, УИХ-ын гишүүн асан, төрийн өмчийн ТУЗ-ийг эзэлсэн хүмүүс байдаг. Тухайлбал, Ч.Хосбаярын охин Х.Алимаагийн хадам аав Ц.Балдандагва нь "Говийн цэнхэр алтай” ББСБ-ыг эзэмшдэг. Харин хадам ээж Д.Энхтуяа нь "Транс” банк буюу Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Түүний аав Ц.Данзанбалжир, ээж Б.Батхүү нар нь Тээвэр хөгжлийн банкныг үүсгэн байгуулсан хүмүүс. Д.Энхтуяагийн дүү Д.Энхтайван нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Мөн гэр бүлийнхээ Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Харин Д.Энхтуяагийн дүү Д.Энхжаргал нь Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ албан тушаалаа ашиглан ах Д.Энхтайван, эгч Д.Энхтуяа нарынхаа удирдаж байсан Тээвэр хөгжлийн банканд давуу байдал олгосон гэх том дуулианд холбогдож байсан нэгэн. 
 
Улмаар Д.Энхжаргал 2016-2020 онд "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилогдож ажилласан. Одоо Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөх, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. Д.Энхжаргалыг "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байх үед нь шүүгч Ч.Хосбаярын охин Х.Алимаа "Оюу толгой” ХХК-д ажиллаж эхэлсэн. Мөн дээр дурдсанчлан Д.Энхжаргал Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Гэтэл түүний ах Д.Энхтайваных нь хүү Э.Жавхлан нь Төрийн банкны Орхон аймаг дахь салбарын захирлаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Сонирхуулахад, 2019 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Энхжаргалыг "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, улмаар чөлөөлүүлж чадсан. Гэхдээ ямар шалтгаанаар Д.Энхжаргалыг чөлөөлүүлснээ тухайн үедээ тайлбарлаагүй байдаг. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ М.БАТСУУРЬ-"САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ

   Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь 2001 онд тухайн үеийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндоржийн туслахаар ажиллаж байсан. Хожим нь Н.Лүндэндорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, М.Батсуурь Улсын дээд шүүхийн шүүгч болж зэрэг зиндаа дөхсөн. 
 
    Шүүгч М.Батсуурь Худалдаа хөгжлийн банкны, тэр тусмаа "сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн хүн гэгдэж ирсэн. Ингэх нь ч хэд хэдэн илэрхий шалтгаантай. Тухайлбал, М.Батсуурь 2009 онд Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар томилогдож ажиллаж байгаад 2011 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болж, ердөө хоёрхон жил ажиллаад 2013 оны дөрөвдүгээр сард Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч болж дэвшсэн. Дээд шүүхэд хүнтэй болох гэсэн Д.Эрдэнэбилэгийн "захиалга” ч гэх нь бий. "Том артай” гэдгээ батлах гэсэн шиг Улсын дээд шүүхийн шүүгч болсныхоо дараа жил буюу 2014 онд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдож, 2017 онд улирсан байдаг. 
 
Цаашилбал, М.Батсуурийн аав Д.Мишиг нь "ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер, Үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан. Хожим нь, "Ютайтед энержи систем” ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Бэйзмент” ХХК-ийн 20 хувийг эзэмшигч болж, улмаар "сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамтран "Эрдэнэтийн 49 хувь”-ийг хувьд авах "хуйвалдаан”-д оролцсон гэж нийтэд зарлагдсан. Илүү ноцтой нь, Д.Мишиг нь "сахал” Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэтийн 49 хувь”-ийг авах санхүүжилт босгоход нь оролцож, хожим нь энэ хуйвалдаан илэрсний дараа М.Батсуурь тус хэргийг шүүх дээр гурван ч удаа хойшлуулж, гацаасан гэгдэж байв. Улмаар 2019 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Энэхүү мөнгө угаалтын схемд Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас АТГ, ШЕЗ-д гомдол гаргаж шалгуулна” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч М.Батсуурь одоог хүртэл албан тушаалаа хашсаар л байна. 
Тайлбар: ЗГХЭГ-аас нийтэд танилцуулсан "сахал" Д.Эрдэнэбилэгийн схем. /Д.Мишиг, М.Батсуурь нарыг ногоон өнгөөр ялгаж харуулсан/
     Түүнчлэн, М.Батсуурь оролцсон байж болзошгүй нэг ноцтой хэрэг бий. Тодруулбал, М.Батсуурь 2014 онд "Фин сервис” ХХК-д хувьцаа эзэмшиж байсан. "Фин сервис” ХХК-ийг Дуламсүрэнгийн Доржпүрэв эзэмшдэг. Д.Доржпүрэв 2012-2016 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Гэвч "ДЦС-3” ТӨХК-ийг өргөтгөх Чингис бондын санхүүжилтээс  их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ЭЦА-аас мөрдөн шалгаж эхэлсэн. Дээр дурдсанчлан, М.Батсуурийн аав "ДЦС-3” ТӨХК-ийн дарга, Эрчим хүчний дэд сайд байсан учраас М.Батсуурь, Д.Доржпүрэв нар хамтарч байсан байж болзошгүй сэжүүр харагдаж байгаа юм. Цаашилбал, Д.Доржпүрэв нь БНХАУ-ын "Hunan industrial equipment installation” гэх компанид "ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар шатны санхүүжилт болох 7.0 сая ам.долларыг шилжүүлээд, буцаагаад өөрийнхөө "Фин сервис” ХХК-ийн дансаар авсан гэх дуулиан дэгдсэн. Хууль хяналтынхны шалгалтаар "Фин сервис” ХХК-ийн дансанд 1.0 сая ам.доллар орж ирсэн нь тогтоогдсон гэгдэж байлаа. Гэвч энэ хэрэг мөн л тэгсгээд мартагдсан байдаг. 
 
Бид дараагийн дугаартаа, Улсын дээд шүүхийн бусад шүүгч нар болон Дүүргийн Эрүү, иргэний шүүхийн Ерөнхий шүүгч нарын хамаарал бүхий этгээдүүд болон хувийн бизнесүүдийг нь танилцуулах болно.
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
https://ergelt.mn/news/22/single/32484

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин