|

СОНГОЛТ /өгүүллэг/


 

Эмжээр нь сэмэрч өнгө нь ямар байсан нь мэдэгдэхээ больсон дугуй малгайтай намхан бор буурай бодолд дарагдан сууна. Ээрч байгаа утасныхаа ээрүүлийн гол адил сэтгэл нь бөмбөрнө. Өөр хүнд бол тэгтэлээ санаа зовоод байх юм болоогүй л дээ дээ.
Харин буурайн хувьд бол өөрөө. Буйд холын энэ нутагт сонгуулийн буянаар хөл хөс нэмэгдэж жаахан бор гэрийг нь айлчин гийчин өргөчих дөхнө. Ийм чимээ шуугиантай өдрүүд нэгэнт өнгөрч маргааш сонгуулийн өдөр. Адилхан гурван сайхан залуу, бас нэг залуухан бүсгүй хань ижил үр хүүхэд аав эжийтэйгээ инээмсэглэн татуулсан зурагтай сонин сэтгүүл бас бус бэлэг сэлт ном зэргийг өгчээ. Номыг нь хамгийн түрүүн бурханы авдар дээрээ залчихаж. Эрдэм номтой улс сайхан л юм бичсэн байж таарна. Ачийгаа амралтаараа ирэхээр нь уншууламз. Харин маргааш сонгууль болох гээд байдаг. Энэ золигийн хүүхдүүдийн чинь хэнд нь саналаа өгдөг хэрэг вэ. Бүгдэд нь өгчихөж болдоггүй яасан хяслаантай хэрэг вэ. Буурай ингэж бодсоор. Тэгээд туг хуар машин тэрэг алаглан байдаг сонгуулийн гэрүүд өөд харлаа. Туг хуар элдэв эрээн мяраан зураг бичгээ хураачихаж. Нэг нь голын тэртээх дэнж дээр. Нөгөөх нь баян Сүрэнгийн хотонд, харин өнөөх нь багийн даргын гадаа харагдана. Ингэтлээ нэг нэгнээсээ хол юугаа хийдэг улс вэ. Сайхан айлсаад буучихгүй цөөхөн хоног ч гэсэн. За тэгээд манай гадаа буусан бол нэг их сүрхий хоол унд хийгээд гийгүүлдэггүй юмаа гэхэд сүүтэй цай, борцтой шөлхөнөөр таслахгүй байж дөнгөхсөн. Ганц нэгийн зэрэг төлөг ч болов гаргаад өгөх нээ төрийн чухал ажилтай гэр орноосоо хол яваа улсад юу нь хайран байхав дээ. Ингэж бодлоо. Тэгээд гэртээ орж намайг сонгоорой гэж хэлээгүй ч тун чиг сайхан загнаж таныг харахаар л ээж минь бодогдоод, үгүй мөн адилхан байнаа гэж инээмсэглэж өөриймсөн байж өгсөн бэлэгнүүдийг нь харлаа. Хөөрхий дөө, бүгдээрээ л ээжтэйгээ адилханыг гайхах юм даа. Над шиг хөдөөний хоцрогдсон эмгэн яаж эдний ээжүүдтэй адилхан байхав дээ. Намтар түүхээ ярьж хэлж байгаар нь бол бүгдээрээ л орон суурин газрын эрдэм номтой дарга даамал улсын үр хүүхэд байлтай. За даа тэгээд настай хүн болгон л эжий аав шиг нь харагддаг юм болов уу даа гэж боджээ. Хоймрын авдран дээр шаргал алтан эмжээртэй том дугуй цаг чаг чаг гэх нь намайг өгсөн эзнийг сонговол ч алдахгүй дээ гэх адил. Эрэгнэгийн дээхнэ татсан цэвэрхэн цагаан хөшигний цаана багахан гурил булан цай бий. Бага юмаа, гэхдээ яахав сум сууринаас алс хөдөө газар илүүдэхгүй биз гэж бас нэг нь өгсөн. Эдэн дундаа ганц бүсгүй нь харин тал тал тийшээ сарвайсан цэцэг баймаар хэлбэртэй чихрийн тавганд алгын чинээ ууттай олон өнгөтэй бөөрөнхий чихэр хийгээд их л хүндлэн мэхийж барьсан. Харин хэл хугармаар нэртэй нэг намын төлөөлөл цаанаа нэг аядуухан зан ааштай бор залуу ийм тийм юм өгөөгүй ч ойр зуурын сонин сайхан ярьж, бүүр нэг хөдөөний амьдрал мэддэг нь илт буурайг 
- та нэг их голын эхээд гарч зусах гээд яахав дээ, хөгшин хүнд дээрдэнэ. Даралт ихтэй бол дэмий өглөө оройн сэрүүн цагаар жиндсэнээс болж хавагнаж ч мэднэ гэж үр хүүхэд нь байлтай санаа тавьжээ. 
Тэгээд дэлгээтэй үүдээр харж 
- Ай даа мөн сайхан хангай яа даа гэжээ.

Буурайн сэтгэл мөн ч их уяссансан. Тийм дээ, мөн ч сайхан орон дэлхий дээ хөөрхий. Сайхан юмыг олж харах сэтгэлийн нүдтэй байна гэдэг мөн сайхан даа гэж талархжээ.
Буурай бодсоор л байлаа. Үдийн алдад хүргэн нь орж ирээд
- ээжээ та энэ хэдийн хэнд нь саналаа өгхөв дээ гэж асууснаа хариу хүлээлгүй, манай намын хүнд өгчихөөрэй та. Таны тэр нам одоо хоцрогдсон. Тэгээд ч энэ орны өнгөтэй өөдтэйг идэж уугаад аль олигтой сэхээтнүүдийг маань устгаад дууссан хуншгүй улс даа, та эрхбиш мэднэ дээ намынхаа алдаа мадагтай маруухан түүхийг гэжээ.
Буурай дуугарсангүй. Дотроо нэгийг бодож байлаа. Дараахан нь багийн дарга нь орж ирлээ. Бас л хэнд саналаа өгөхийг нь сурдаад авчээ. 
- Буурай та тулхтай ухаантай хүн. Өөрийн намдаа өгөх байлгүй дээ. За даа энэ бусад нам ч дээ, нам гэх хаашаа үгүй гэх бас хаашаа гээд нэг их сүрхий юм онож хэлсэн байлтай инээжээ.
Багийн даргатай зөрөөд орж ирсэн өөр нэг намыг дэмжихээр хатуу шийдсэн, саяхны нэг уулзалтан дээр шинэхэн гишүүн нь болж сүрхий итгэл үнэмшилээ олж авсан гэх саахалт айлын адуучин залуу ач охин өөд нь хулгай нүдээр харангаа нэг их сүрхий хүн болж дуугаа өндөрсгөн
- Буурай, та сонголтоо хийсэн үү, за даа та ч юуны ч учрыг олоогүй л биз дээ. Настай хүн хөөрхий аргагүй. Танд гэж хэлэхэд манай намыг сонгоорой. Энэ улс орныг энэ цөөхөн монголчуудыг ганц жаргаанаа цаадуул чинь үнэхээр мундаг мундаг улсууд байдаг гэж байна лээ гэжээ.
Буурай дотроо хөх инээд нь хүрч суулаа. Ай хөөрхий залуу хүн гэхэд бодлогогүй хийсгэлэн байна даа. Жаргаана гэнэ шүү. Жаргаана гээд л жаргаачихдаг бол мөн амар байхсан. За даа тэгээд нээрээ л энэ цөөхөн хүнийг жаргаахаа байгээ гэхэд нэг их зовоож гачлан гасланд унагаад байхгүй аж төрлийг нь залгуулаад байж болохсон доо. Болдоггүй л юм болов уу даа. Би хэдэн хүүхдийнхээ ая эвийг олохгүй ад болохдоо ад болж тус болохдоо тус болж суухад гэж боджээ. Налайсан сайхан орой. Оройн саамны дараа айл айлын тооноор цэнхэр утаа суунаглаж борцтой шөлний хамар цоргим үнэр ханхлана. Сурталчилгааны гэрүүд нам гүм. Маргааш ямар нэгэн айхтар юм болох гэж байгаа янзтай дуран барьсан ганц нэг хүн хамар толгой дээр сүүдийж багийн дарга хийрхүү зантай хижээл насны хар хүн хэдэн гэрийн дунд том том алхлан сэрэмж алдахгүй санаатай холхино. Муу эр дайнд хөөрнө гэж олигтой хийж чадах ажилгүй ойр зуур айл хэсэж адуу малын толгой дуртай дургүй эргүүлдэг хүргэн нь насаараа хаах ганц сайхан албатай залгасан байлтай багийн даргыг дагаж манаргаад хэдэн өдрийг баржээ. Бүүр сүүлдээ уулзсан болгондоо манай нам гэж ирээд л өндөр дуугаар ухуулах санаатай ч болж. Буурай өнө холын халуун дулаахан дурсамж сэргэн дөтөлсөөр сэтгэлийнх үүдээр алхахыг мэдэрч зогслоо. Хэмжээлшгүй, их л холоос ойртон ирэх тэр нандин сайхныг улам тод харах гэсэн адил шингэх нарны зүг саравчлан харж нэлээн зогслоо. Сэтгэлийнх нь алсад чухам ямар нандин сайхан дурсамж тодрон харагдсаныг хэн мэдэх билээ дээ. Харин дээр үед мөн сайхан сонгууль болдог байжээ хөөрхий. Баяр наадмын дайтай санаж сайхан дээлээ өмсөж сайн морио унаж очоод төрийн тэргүүнээ сонгодог байлаа шүү дээ гэж нэг их сайхан халгим дурсамж хэлхэжээ. Тиймээ цаг нь ч сайхан, хүн ч хүнээрээ, төр нь ч төрийн дайтай байжээ гэх адил сэтгэлийнх нь угт бүгтхэн гуниг торхийлээ. Үдэш охин нь орж ирээд 
- Ээжээ, та маргааш өмсөх дээлээ гаргуулах уу 
гэсээр хоймрын авдар уудлан бор торгон тэрлэг гаргаж орон дээр дэлгээд 
- Ээжээ эхийн одонгуудаа зүүнэ биз дээ гэлээ. 
Буурай зулын гол имрэнгээ 
- Тэгэлгүй яах вэ охин минь, төр барих эзнээ сонгох гэж байна шүү дээ. Бас ээжийнхээ ганц медалийг зүүчихээрэй, төр минь хэдэн үнээ сааснаас өөр гавьяагүй хэрэггүй хөгшин гэж бодолгүй үнэлсэн юм гэжээ.
Охин нь тэрийг энийг сонгоорой гэж ятгасангүй. Ээжийгээ мэдэж байлаа.
Дэрний авдар дээр нямбайлан эвхэж тавьсан бор торгон дээлний энгэрт алдарт эхийн хоёр сайхан одон бас хөдөлмөрийн хүндэт медаль гялалзаж байлаа. Сайхан буурал ээжийн сэтгэлд харин насаараа мөргөж залбирч сүүн цацлаа өргөсөн төрийн сүлд нь тун ч тодхон гийж байлаа.
Маргааш өглөө нь хамгийн түрүүн буурай төрийн сонгуулиа өгөхөөр улаан халзтай цагаан гэрийг зүглэлээ.
Тэгээд санал өгөх гэрт орж таягаа хатавчинд үлдээгээд аль байдгаараа цэмбэгэр алхсаар ширээнд хүрч очоод 
- Хүүхээ энэ олон нэрэн дотроос өнөөх бүсгүйн нэрийг олоод хэлээд өгөөч. Хөөрхий бүсгүй амьтан гэжээ.
Буурай гэр өөдөө буцаж явлаа. Хөөрхий дөө, гэр орны эх захгүй ажил төрөл, үр хүүхдээ өсгөх, эр нөхрөө халамжлах гээд мөн ч их ажил бий дээ. Тэгээд бас төрийн ажил хийх гэж зориглож шамдаж байдаг. Сүрхий ажилтай анхиатай хүн байхнээ гэж бодож явлаа. Ажилтай анхиатай, олноо гэсэн сэтгэлтэй бол айл гэр ч тэр, ахуй төр ч тэр өөдтэй өнгөтэй байлгүй яахав дээ. Буурайд өөр олон салаа бодол төрсөнгүй. Төрийнхөө сүлдэнд итгэж залбирсаар ирсэн. Төр нь ч төр шиг улс нь ч улс шиг байсаар л ирсэн билээ.

Зохиолч: Балсангийн Лхагвасүрэн


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин