Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс таван төрлийн татвар нэмэгдэнэ. Тухайлбал 1.5 сая ба түүнээс дээш цалинтай иргэдийн албан татварыг 15 хувь болгож нэмэх юм. Үүнийг бизнес эрхлэгчид, уурхайчдаас эхлэн эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тиймээс mamвap нэмэх асуудлыг эргэж харах эсэх болон цаг үеийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар өндөр цалинтай иргэдийн албан татварыг нэмэхээр болсон. Үүнийг хэсэг хүн эсэргүүцэж байна. Зарим гишүүн ч албан татвар нэмэх асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Асуудал хоёр янз байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газраас татвар нэмэх асуудлыг өргөн барьж, УИХ-аар шийдсэн. Хүмүүс зөвхөн дээд тоог нь л хараад байна. Татварыг орлогоос нь хамааруулж 10, 15, 20, 25 хувиар шатлалтай болгож байгаа.
Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө. Үлдсэн найман хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Нөгөө талаар бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэж байгаа. Инфляц, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байна. Тийм учраас ийм зохицуулалт хийсэн. Үүнийг бас ярих ёстой.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, татвар нэмэхээр болсон. Хэрвээ зарим гишүүдийн ярьж байгаа шиг татвар нэмэхгүй байхаар зохицуулалт хийвэлОлон улсын валютын сантай хийсэн гэрээтэй зөрчилдөх үү?
-Бид Олон улсын валютын сангийн хөтөлбөрт өнгөрсөн дөрөвдүгээр сард хамрагдсан. Үүний дараа хүүхдийн мөнгийг 100 хувь олгосноос болж хөтөлбөр зогсож байгаа. Долоо хоногийн өмнө Олон улсын валютын сангийн захирлууд хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж үзэж, амжилттай хэрэгжүүлж байгааг хэлсэн.
Эдийн засгийг сайжруулах, өр дарах арга боломжтойг хэлсэн. Хэрвээ бид татварын нэмэгдлийг өөрчилнө гэвэл Олон улсын валютын сантай хэлэлцэж, тохирсноосоо буцна гэсэн үг. Хувь хүний орлогын албан татвараас гадна архи, тамхины татвар нэмэгдэж байгаа. Үүнийг олон хүн дэмжих болов уу гэж бодож байна. Архинаас болж төрөл бүрийн гэмт хэрэг гарч байна. Үүнийг эсэргүүцэж байгаа хүн цөөн байгаа байх. Архи үйлдвэрлэдэг компаниуд л эсэргүүцэж байгаа байх даа.
-Татвар шинээр бий болгох уу. Тухайлбал, малын хөлийн татвартай болох нь зөв гэж ярих хүмүүс байна л даа?
-Татвар шинээр бий болгохгүй. МАН 2016 оны сонгуульд оролцохдоо шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан. Одоо байгаа татварын хуулийнхаа хүрээнд бид үйл ажиллагаа явуулах боломжтой. Эхний удаад бид Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарал тавьж, ажиллаж байна. Нэг ёсондоо, Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах замаар төсвийн зардлыг бууруулах бүрэн боломж байна.
Өнгөрсөн хугацаанд төр өөрийн мөнгийг арилжааны банкуудад байршуулж, эргэж өндөр хүүтэй зээл авч, асар их зардал гаргадаг байсан. Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш би арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг Төрийн санд төвлөрүүлж байна. Амаргүй байна, зарим эсэргүүцэлтэй тулж байна. Дээр нь төсвийн хөрөнгөд хяналт тавих ёстой.
Шилэн дансны хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Төрийн санд аливаа гүйлгээ хийж байгаа нөхцөлд бүгдийг Шилэн дансанд тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар бүх төслийг Шилэн дансанд бүртгэсэн. Өөрсдийн үрэлгэн зардлаа багасгаагүй, Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгоогүй байж, юу, юугүй татвар бий болгоно гэх нь буруу, оновчгүй. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсний дараа дотоод нөөц бололцоогоо харъя гэж байгаа.
-Энэ оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болсон. Ингэхдээ татвар суутгахгүй гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл одоо татвар суутгаж, 250-270 мянган төгрөг олгож байна. Яагаад ийм асуудал үүсэв?
-Төсвийн тодотгол хэлэлцэж байхад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг буцалтгүй тусламж болгож өгөхөөр хуулийн төсөл оруулж байсан. Тэгэхэд УИХ-аар урамшуулал болгож өөрчилсөн. Тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйг дагасан байх л даа. Хуулийн дагуу урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Үүний дагуу татвар авч байгаа.
–Монгол Улсыг офшорын бүс нутгийн хар жагсаалтад оруулсан шуугиан намжаагүй байна. Энэ асуудлаар Засгийн газар дээр ярилцаж байгаа юу?
-Засгийн газрын өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Татварын ил тод байдлыг хангах зорилгоор Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яам ажиллаж байна. Ингэснээр Монголын арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл, дансны хуулгыг татварын байгууллагаар дамжуулж ил болгоно.
Дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг ил тод болгож, татварын байгууллагаар дамжуулж, холбогдох улс орнуудад хүргэж байх зарчмыг холбогдох хуулиудад оруулж өгөх учиртай. –
Тусгайлан Элчин сайд томилж энэ асуудлыг шийднэ гэж сонссон?
-Гадаад хэргийн сайд энэ асуудлыг ярилцаж, шийдэх хүн томилж байгаа гэж сонссон. Бусад улс орны Элчин сайдууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төлөөллүүд ийм байр суурь илэрхийлсэн. Тэд Монгол Улс хөгжиж байгаа орон. Татварыг ил тод болгох ажлыг хэрэгжүүлэхийг Сангийн яам санаачилж байгаа энэ цаг үед ийм хар жагсаалтад оруулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тухайн үеийн Сангийн сайд, ядахдаа аль нэг Элчин сайдад хандаж болох байсан гэж гомдол гаргаж байгаа. Гэхдээ бид хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай.
эх сурвалж: ikon.mn
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа