|

ПАРТИЗАНУУД хаана явна?


ПАРТИЗАНУУД хаана явна?

Монголын улс төрийн нөлөө бүхийн хүчин болох Ардчилсан намын 30 жилийн ой энэ өдөр тохиож байна. Ардчилсан хувьсгалын түүхтэй салшгүй холбоотой энэ намын ойг тохиолдуулан 2014 онд Үндэстний ТОЙМ сэтгүүлд нийтлэгдэж байсан "Партизанууд хаана явна?" цуврал нийтлэлийн эхнийхийг хүргэж байна. 

Франц хэлний "оролцох” гэсэн утгатай "partiser” хэмээх үгнээ үйлт нэр үүсгэх "ant” дагаварыг залгаснаар "partisant” хэмээх үг үүснэ. Аливаа үйл хэрэгт сайн дураараа оройлон оролцсон, давагдашгүй хүчний эсрэг итгэл үнэмшлээрээ сөрөн зогссон хүнийг эл үгээр нэрлэх нь бий. 1990 оны Ардчилсан хувьсгалд оройлон оролцсон хэсэг бүлэг хүмүүсийг хэзээ ч юм, хэн ч юм ийн нэрлэсээр одоо нэгэнт дасал болжээ.

Нэгэн үеийн партизан, ерөнхийлөгч (2014 онд бичигдсэн нийтлэл) Ц.Элбэгдорж  "Ардчилал Монголд өвлийн тэсгим хүйтэнд хөрцасан дунд дөрвөн хөллөж төрсөн унага байсан юм” гэсэн нь бий. Ардчилсан хувьсгалыг гардан хийсэн МоАХ, АСХ, ШДХ, МОХ бол тэр цагаан унаганы дөрвөн хөл нь юм. Тэдгээр холбоод дор бүрнээ өөрийн лидер, зохион байгуулагчид, талархан дэмжигчидтэй байлаа. Найруулагч Д.Төрмөнхийн 1992 онд нийтлүүлсэн МоАХ-ны нийслэл дэх салбар зөвлөлийн зохицуулагчдын бүртгэлийг харахад л 300 гаруй хүний нэр гарч ирнэ. Эдгээр хүн бүрийн цаана нэг байгууллага, нэг салбар зөвлөл бий гээд үзвэл зөвхөн МоАХ-ны хүрээнд л гэхэд дор хаяж 5000 гаруй хүний тухай ярих хэрэг гарна. Харин АСХ-ны 1990 оны бүртгэлээр 3060 хүн тус холбооны гишүүн байжээ. ШДХ, МОХ-ны хувьд ч дээрхтэй дөхүү тоо гарна. Нийслэл дэх МоАХ-ын партизануудын олон нийтийн байгууллага болох "Дугуй заал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Бямбаагийн хэлснээр монголчуудын дор хаяж гуравны нэг нь өөрийгөө ардчилсан хувьсгалын үйл хэрэгт холбон санаж явдаг. Магадгүй энэ тогтвортой хувь л Ардчилсан намыг ямар ч сонгуулийн үед дэмждэг сонгогчдийг бүрдүүлж байгаа гэвэл төдий л буруудахгүй болов уу.

Гэхдээ партизан гэж яг хэнийг хэлэх вэ гэвэл амьдралаа дэнчинд тавьж үзэл санааныхаа бат зогссон хүмүүсийн тухай энэ түрүүнд онцлох нь зүй. Бид энэ удаа ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан гурван партизантай товч хөөрөлдлөө. Тэдний хэлэх үг, үзэл бодол ардчилсан хувьсгалын партизануудын талаар бүдэг ч болов төсөөлөлийг манай уншигчдад өгөх болов уу? Бид зочдоосоо доорх гурван асуултанд хариулт авсан юм.

1.  Ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдов?

2. Цагаан морин жил хийж байсан үйл ажиллагаанаасаа яриач?

3. Тэмцэж зүтгэсэн нийгэм тань өдгөө бүрэлдэж чадсан уу? Мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд тань одоо хэрхэн ямьдарч байна вэ?

***

ПАРТИЗАНУУД хаана явна?С.Амарсанаа

 

Ардчилсан хувьсгал тайван замаар болсны нэг нууц нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх хүчирхэг тогтмол хэвлэлтэй болсных байлаа. Өлсгөлөн, жагсаал цуглаантай зэрэгцэн монгол оронд хэвлэлийн тэсрэлт болсон. Энэ тэсрэлтийн тэргүүнд эгнээнд Сүхбаатарын Амарсанаа хэмээх залуу явсан юм. Тухайн цагтаа "Хөдөлмөр" сонины сэтгүүлч байсан тэрээр ардчиллын анхны арван гурвын нэг, анхны цуглаан дээр төр засагт хүргүүлэх арван гурван зүйл бүхий санамж бичгийг уншиж сонордуулж байсан, "Ардчилал" сонины анхны эрхлэгч гээд хувьсгалын оргил үеийн түүхнээ тод мөртэй нэгэн билээ. 

Ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдов?

-Бусад партизануудыгаа бодвол би харьцангуй олонд танигдаж, ардчилалын үр шимийг тодорхой хэмжээгээр хүртэж яваа хүн. МоАХ-ны анхны 15-ын нэг болж, анхны цуглаан дээр 13 зүйл шаардлагын бичгийг уншиж байлаа. Ер нь 1989 онд С.Цогтсайхан, Э.Бат-Үүл гээд бидний хэдэн нөхдийн үүсгэн байгуулсан өнөө алдартай "Шинэ үе” хөдөлгөөнөөр дамжуулан тэмцлийн замд орсон.

Цагаан морин жил хийж байсан үйл ажиллагаанаасаа яриач?

- Одоо миний гарт "Ардчилал” сонины хоёр дахь дугаар байна. Би энэ сонины анхны эрхлэгч нь байлаа. Орлогч эрхлэгч маань хүмүүсийн хэлдгээр "Хонх”-ын Цогоо, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ш.Мягмарсамбуу нар ажиллаж байсан. Анхны дугаарыг нь хийхэд 28 хүн гар бие оролцсон. 1992 оны 12 дугаар сараас МоАН-ын дэргэд "Шинэ Үе” сонинг гаргаж эхэлсэн. 1993 онд МоАН ардчиллын төлөөх бусад намуудтай нэгдэж МҮАН болох үед би сониноосоо гарсан. Учир нь МҮАН-ы зүгээс сонины нэрийг "Эрх чөлөө” гэж өөрчилснөөс гадна, нийтлэлийн бодлогод хэтэрхий хутгалдах болсон нь миний чөлөөт сэтгүүлзүйн зарчимтай харшилсан хэрэг л дээ.

- Би бол мэргэжлийн сэтгүүлч хүн. Хэвлэлийн эрх чөлөөг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн. Үүндээ ч хүрсэн. Түүнээс биш, эд хөрөнгө, эрх тушаал харж би хувьсгалд оролцоогүй. Харин сүүлийн үед улс орон маань засаглалын хямралд ороод байна гэж харах боллоо. Үүнээс засаглалын хэлбэрээ өөрчилж, энэ ордонг орогнол болгосон бүлэглэлүүдийг шахах тогтолцоонд шилжих хэрэгтэй болсон юм уу гэж харж байна. Хариуцлагын тогтолцоо гэж байхгүй.  Ингэхийн тулд хувьсгал гэж сүржигнэх шаардлагагүй. Сүүлийн үед манайхан үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулж болох зүйлийг анархизмын замаар шийдэх гээд байгаа нь надад таалагдахгүй байгаа. Нэг тэгэх гэж үзсэн. Бүтэлгүй болсон. Хангалттай сургамж авсан баймаар юм уг нь.

Тэмцэж зүтгэсэн нийгэм тань өдгөө бүрэлдэж чадсан уу? Мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд тань одоо хэрхэн ямьдарч байна вэ?

"Шинэ үе”-ийнхэн мань дор дороо амьдралаа болгож л яваа байх. С.Цогтсайхан маань мөнх бусыг үзүүлсэн. Хүмүүс лам Баясаа гэдэг А.Баясгалан хийддээ шашин номын ажлаа эрхэлж байгаа. Амарбаяр маань хаана ямархан амьдарч байгааг хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан хүний гар харахааргүй л яваа. Дотно нөхөрлөж, хамтдаа хөдөө орон нутгаар явж, салбар зөвлөл байгуулалцаж явсан Баасан лам маань даан ч эрт өнгөрчихлөө. Тэр маань 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн байр суурийг үнэн мөнөөр үнэлэх тухай л үргэлж ярьдаг байлаа. Сүүлийн хэдэн жилд Баасангийн хэлж ярьдаг байсан зүйл ажил хэрэг болж, тусгаар тогтнолын баяр гэж тусгайлан тэмдэглэж байгаад баярладаг. Би энэ жилийн тусгаар тогтнолын өдрөөс өмнө эрхэм нөхрийнхөө тухай нэг дурсамж бичиж нийтлүүлье гэж бодож байна.

***

ПАРТИЗАНУУД хаана явна?Р.Цэндээ

МоАХ-ны Увс аймгийн зохицуулах зөвлөлийн дарга, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал

-Тухайн үед З.Мөнхбат, Т.Самдан, Ю.Гансүх, Б.Өлзийтогтох,Ч.Цэрэндорж, Д.Чойжилсүрэн, Л.Баттогтох, Л.Цэрэнпил, С.Буянжаргал, Д.Бадамсамбуу нарын бидний хэсэг нөхөд цуглаж ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай санаа бодлоо солилцдог, нийгэмд болохгүй байгаа хар бараан зүйлсийг шүүмжилдэг байлаа. Анхны цуглааныг сумын Соёлын төвийн үүдэнд 1990 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулж, ард иргэдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нээлттэй микрофон ажиллуулж байсан. Мөн нэгдэл гэдэг айл нэг л болохгүй байгаа тухай өмчийн жинхэнэ эзэн болох малчидтай үзэл бодлоо солилцдог, хувийн өмчийн давуу талын тухай сурталчилгаа хийдэг байсан.  Энэ үед Монгол улсын баруун хязгаар нутагт хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шинэчлэлийн тухай бараг хүн бүхэн ам булаалдан ярьж, дийлэнх хэсэг нь эсэргүүцэж байсан юм. Үүнд иргэдийн буруу нэгээхэн ч байгаагүй. Яагаад гэвэл олон жил нэг үзэл, нэг систем, нэг нийгмийн үзэл санаа хүн бүхний оюун ухаан, яс маханд гүн шингэчихсэн байсан юм.

-1991 оны 4-р сарын 29-31-ний өдрүүдэд "Говийн хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурал болж, МоАХ-ны орон нутгийн салбар байгууллагаас малыг хувьчлах талаар хувилбар гаргаж хэлэлцүүлсний үр дүнд нийт малчин өрхийн 60 хувь буюу 276 ардын аж ахуйтан төрөн гарсан түүхтэй. Зүүнговь сумын "Говийн хөгжил” нэгдлийн хувьчлал нь малчид, МАА-н үйлдвэрлэл эрхлэгчид өмч хөрөнгийнхөө жинхэнэ эзэн болсон, хамгийн сайн менежментийн хувьчлал байсан. Нэгдлийн хөрөнгийг хувьчлах энэхүү үйл ажиллагаа улс орон даяар загвар болж амжилттай хэрэгжиж байлаа.

   Энэ тухай тэр үеийн "Ардчилал” сонины сурвалжлагч Б.Эрдэнэбаатар "Зүүнговийн сэргэн мандалт” нийтлэл бичиж улс даяар шуугиан тарьсан юм. Нэгдлийн холбооны дээд зөвлөлд ажилладаг Д.Гочоодорж гэдэг хүн ирж хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж биднийг зэмлэн шүүх, цагдаагаар далаалгаж байсан ч, бид нар тэр хүнд өмч хувьчлалын талаар тайлбарлаж, мэтгэлцэж байсансан. Цаг хугацааны хүрд эргэх бүрт мал аж ахуйн хувьчлал, өмчийг эзэнд нь өгсөн явдал үнэн зөв болох нь нотлогдсон.

-Ардчилалын ололт амжилтыг дүгнэе гэвэл Монгол хүн бүхэн өнгөрсөн, одоо хоёрыг харьцуулж үзэх хэрэгтэй л дээ. Хэнд ямар эрх, ямар өмчийн харилцаа, ямар үзэл бодлоо илэрхийлэх боломж байсан билээ гэдгийг хүн бүхэн сайн мэдэж, ойлгож байгаа. Энэ бүгд ардчилсан хувьсгалын үр нөлөө юм. Ардчилсан хувьсгалын цагаан морин жил төрсөн хүүхэд өнөөдөр эрийн цээнд хүрч улс эх орныхоо ирээдүйн төлөө, эрх зүйт төрийг төлөвшүүлэх үүрэг хариуцлага үүрч, эрхээ эдэлж байхад тэр үед "Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” хорин таван настай ардчилалыг үүсгэн байгуулагчид маань тавин насыг зооглож байна. Үнэт зүйлийг бий болгоход их хувь нэмэр оруулсан эрхэм журмын нөхдийн маань нэг хэсэг бурхны оронд амгалан нойрсож байна. Өнөөдрийн үнэт зүйлийг бий болгоход бид нартай мөр зэрэгцэн тэмцэж явсан МоАХ-ны Увс аймгийн Зохицуулах Зөвлөлийн анхны дарга Дүгэрийн Мажигсүрэн, 1990 оны 12-р сарын 4-ний өлсгөлөнд сууж, улс төрийн үйл ажиллагааг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Цогжоогийн Батсуурь, Кадилханы Алтай, Цогтын Цэвээнгэрэл, эрхэм журмын нөхөр "Гоголь” хочит Жамбын Баяртсайхан, Даалхайн Баатар, "Жанжин” хочит” Дамиржавын Хүрэлбаатар, Сүрэнгийн Хурцаа, Бэлэгийн Жамаа, Түвдэнгийн Самдан, Чөөдөнгийн Цэрэндорж, Л.Зоригт, Т.Санжжав, Т.Жамсран, М.Цэгмид, Т.Дүгэрсүрэн, Б.Мягмаржав, Д.Зоригоо, С.Дорж, Н.Маналжав яруу найрагч Баатархүүгийн Пүрэвсүрэн, Загдын Дамиран, багш Жүгдэрийн Дагвасүрэн, Сүрэнгийн Батаа нарын олон олон тэмцэгчдийнхээ нэр болон гавъяаны өмнө толгой мэхийн дурсах нь бидний хүндтэй үүрэг, ариун журамт ёс юм. Та бүгдийн гавъяа зүтгэлийг түүх мартахгүй, хойч үе нь үргэлж дурсах болно.

* * *

ПАРТИЗАНУУД хаана явна?Д.Бямбаа

1990 онд Удирдлах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Микропроцессорын техникийн лабораторид ЭША.

Өдгөө нийслэл дэх МоАХ-ын партизуудын "Дугуй заал” ТББ-ын гүйцэтгэх захирал

-Ардчилсан холбоо, ардчилсан хувьсгалтай бусдын л адил нөхдөөрөө дамжуулж танилцсан даа. Тухайн үеийн нууц цуглаануудад хэн нэгнийхээ батлан даалтаар очдог байлаа. Би ч бас тэгж л анх цуглаанд оролцож эхэлсэн санагдаж байна.

-Миний хувьд ардчилалыг дэмжих, тэмцэх шалтгаан анхнаасаа л тодорхой байсан. Ер нь тэр үеийн сэхээтэн залуус улам бүр данхайж байгаа дарга анги, амьжиргаагаа дөнгөн дангаж залгуулж буй ард иргэдийн зовлонг биеэрээ мэдэрцгээж байсан л даа. Би л гэхэд яаманд 6 жил хариуцлагатай алба хашсан гэхэд сүүлчийн автобуснаас хоцорсон л бол гэрээ хүртэл алхах хэрэгтэй болдог. Тийм л амьдрал байлаа шүү дээ. Тэгээд ч шинэ тутам өсөж буй залуусын ертөнц соиалист нийгмийн жаазанд багтаж шингэхийн аргагүй болсон нэг тийм сэтгэлийн давчдал манай үеийн юм боддог, сэтгэдэг хүн бүхний сэтгэлд үүсээд байсан цаг даа.

-Ардчилалын төлөө олон ч юм хийж явж дээ. Хамгийн дурсамжтай нь гэвэл ажил дээрээ ухуулах хуудасны эх хэвлэж, гутлын үйлдвэрийн авчирсан тосыг хэвлэх машиныхаа бэлдцэнд түрхэж байгаад хэвлэж байсан өдрүүд юм даа. Миний ажил дээр тухайн үедээ монголд хоёрхон ширхэг байсан персонал компьютер байлаа. Түүн дээр Ардчилсан холбооны мөн ч олон бичиг баримт, ухуулах хуудасны эхийг бэлдэж дээ.

Дараахан нь би Хөвсгөл аймгийн Жаргалант сумнаа салбар зөвлөл байгуулахаар очиж байлаа. Сумын клубт яваад ороход зайгүй суусан хүмүүс угтсан. Орой наймаас шөнийн гурван цаг хүртэл хурал хийхээд энэ байдал огт өөрчлөгдөөгүй юм даа. Эндээс монгол орны өнцөг болон бүрт ард иргэд ардчилалыг хэрхэн халуунаар дэмжин угтаж авсаныг харж болох болов уу. Одоо ч Жаргалантынхан сонгууль бүрээр ардчилсан хүчинд 70 хувьтай санал өгдөг хэвээр байгаа. Үүр цайх алдад хурлаа дуусгачихаад элсэлт зохион байгуулахад нэг дор 260 хүн манай эгнээнд байлаа. Дараахан нь би Хэнтий аймгаар саяхан ардчилалын баатруудын зургаар үзэсгэлэнгээ гаргасан, хувьсгалын үед жагсаал цуглааны хамгаалалтыг хариуцаж байсан "Нугас” Хадаатайгаа явж, салбар зөвлөлүүд байгуулж байлаа.

-Бүх юм санаснаар болно гэж юу байх билээ. Одоогийн нийгмийн олон зүйл бидний санаснаар эсрэгээр явж байгаа. Гэхдээ бид гаргаж тавьж, тэмцэж явсан асуудлуудаа шийдүүлж, шийдэхэд нь гар бие оролцож чадсан гэж итгэлтэй хэлж чадна.Партизан нөхдийн маань хувьд байдал янз бүр л байгаа. Тийм ч учраас бидний хэсэг нөхөд энэ дугуй заал гэж хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хэрэг л дээ.

Ер нь бүдүүвчилж хэлвэл ардчилсан хувьсгалын голомтод бүх зүйлээ зориулж явсан 200 гаруй партизануудын хагас нь юу хийж байгаагаа цэнэж, мэдэж байсан сэхээ сөхөөтэй улс. Үлдсэн хагас нь ар гэр ажил амьдралаа дэнчинд тавиад хувьсгалын үйл хэрэг рүү шуудраад орчихсон нь харагддаг. Эхний хэсэг нь яахав олигархи болох нь болгоод, ажил амьдралдаа эзэн болох нь болоод замаа гаргаад өдий хүрсэн. Харин үлдсэн хэсэг нь нийгмийн шуурганд тун хүнд байдалд орсон доо. Одоо бидэнд байгаа хувийн мэдээлэлээр л гэхэд МоАХ-ны нийслэл дэх салбар зөвлөлийнхнөөс л гэхэд 15-20 хувь нь нас барж, мөн төдий дайны хүмүүс амьжиргааны хувьд хэцүүхэн амьдарч байна.

***

Партизануудын амнаас нэг л үгийг олныг сонслоо. Тэр нь засаглалын хямралаас гарахын тулд үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг болжээ гэсэн үг. Уг нь хэдэн жилийн өмнө тэдний байр суурь арай л өөр байсан. Гэвч монгол оронд сүүлийн үед үүсээд буй засаглалын хямрал тэднийг тэмцэлийнх гол үр дүн болсон үндсэн хуулиа эргэж нэг харах бодол төрүүлсэн байж болох.

Партизануудтай уулзаж явахад нэг шинж чанар тун тод харагдсан юм. Тэд арьсаа хамгаалж худлаа ярихгүй юм. Үйл хэргийнхээ өчигдөр өнөөдрийнхөө тухай ярихдаа огт хошгинож хоёрдуулахгүй юм.  Хувьсгал хийж явахдаа дөч эргэм настай байсан хүмүүс өдгөө хэдийн тэтгэвэрт гарч, идэр залуухан явсан нь ачийнхаа зулайг үнэрлэж, харваас намба суусан ч нийгмийг хувьсгагч хүчин зүйлүүдийн өмнө эрх чөлөөний үзэл санаагаа туг мэт өндөрт өргөж, хэрэг гарвал үгээ хэлэхэд, тэмцэхэд хэзээд бэлхэн явна. Ардчилсан хувьсгалын партизанууд амьдрал хэмээх их үйлсийг нэр төртэйгээр үргэлжлүүлж явна.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин