Норвеги улсад хүүхдийг хар багаас нь бие даалгаж, эрүүл мэнддээ анхаарч амьдралд хариуцлагатай хандах эрдэмд сургадаг аж. Магадгүй Норвегичуудын урт насалж, сайн сайхан амьдардгийн гол нууц үүнд л оршдог байх. Тус улсад амьдардаг орос бүсгүй Катерина Норвеги хүүхэд хэрхэн өсч хүмүүждэг талаар хууч хөөрснийг энд хүргэж байна.
Хүү Макс маань дөрөвдүгээр ангид сурч байхад нэгэн удаа сургуулийн сувилагч биднийг дуудсан юм. Учир нь хүү маань насандаа байх ёстой жингээс хэт бага байна гэж хэлсэн хэмээн Максын ээж Катерина ярив "Нэг ёсондоо би хүүгээ зохих ёсоор хооллож чадахгүй байна гэсэн зэмлэл дээ. Энэ нь Норвегийн нийгмийн халамжын алба манай гэр бүлд анхаарал хандуулж буйн илэрхийлэл юм . Сувилагч хүүтэй маань тусдаа уулзаж ярилцсаны дараа надаас оройн хоолонд түүнд загасаар хийсэн хоол өгдөг эсэхийг лавласан Мөн хүүгээс өглөөний цайндаа хачиртай талх иддэг үү гэж асуусан. Хүү маань "үгүй” гэж хариулж байлаа. Дараа нь түүнээс оройн хоолонд загасаар хийсэн котлет иддэг эсэхийг сонирхсон юм. Хүү бас л "үгүй” гэж хариулсан. Сувилагч хувийн хэрэг дээр нь тэмдэглэгээ хийв. Би "Манай гэр бүлийнхэн бүгд жин багатай улсууд. Бид ихэвчлэн орос хоол хийдэг гэсэн тайлбар хийхийг оролдов. Гэвч сувилагч хариу өгсөнгүй. Харин хүүгээс кааш, борщ иддэг гэдгийг дуулаад бага зэрэг тайвширсан юм. Тэрээр хүүд маань хүснэгт гарган үзүүлж, ямар төрлийн талх удаан шингэцтэй байдаг, хачиртай талх бэлдэхдээ ямар талх сонгохыг нэг бүрчлэн тайлбарлаж өгч байлаа. Сувилагч өөрийнх нь ярьсан зүйлийг хүү бүрэн ойлгосны дараа л над руу анхаарлаа хандуулсан юм. Тэр цагаас хойш хүү маань дэлгүүр орж юм авах бүрийдээ сав, уутан дээрх бичээсийг үргэлж уншдаг болсон. Мөн гэр бүлээрээ хамтран Максын заавал хийх ёстой 10 ажлын жагсаалтыг бичиж, хөргөгч дээр өлгөсөн. Үүнд гэрээ цэвэрлэх, хогоо асгах, хичээлээ хийх, эцэг, эхдээ туслах зэргийг тусгасан” гэж Катерина ярьсан юм.
Ер нь Норвеги айл өрх бүрт хүүхдүүд зориулсан ийм төрлийн жагсаалтыг олж харж болно. Хариуцлагыг эн тэнцүү хуваарилах нь тус улсад энгийн дадал гэлтэй. Учир нь хүүхэд бүр тухайн гэр бүлийн бие даасан гишүүн гэж үздэгтэй нь холбоотой.
ХҮЙТЭН ХООЛ
Хүүхэд бүр хар багаасаа сургуульд явах бэлтгэлээ өөрөө хийдэг. Харин ээж бол зөвхөн хянах үүрэгтэй. Мөн сургуульдаа хэн нэгнээр хүргүүлэх бус өөрсдөө явцгаана. Ингэхдээ өдөр идэх хоолоо ч цүнхэлнэ. Халуун хоол бараг идэхгүй. Эцэг, эхчүүд хуванцар саванд хүйтэн сэндвич, пирошки, жимс, йогурт хийж өгнө. Хичээлийн дундуур 30 минутын их завсарлага гэж байх агаад энэ үеэр гэрээсээ авчирсан зүйлээ идэцгээнэ. Ундаа, чихэр, жигнэмэг, шоколад зэрэг амттанг идэхийг хориглоно. Мөн харшлаас сэргийлж, самар идэхийг хориглоно. Ямар сайндаа л цэцэрлэг, сургууль бүрт "Самаргүй орчин” гэсэн бичээс өлгөөтэй аж.
Катерина нэгдүгээр ангид анх хүүгээ оруулж байсан үеэ дурсахдаа эцэг, эхчүүдэд сургуульд зориулж "печь” авах санал тавьж байснаа ярив. Улмаар хүүхдүүд нь завсарлагааны үеэр авчирсан юмаа халааж идэг” гэсэн аж. Гэвч хариуд нь тэд "Хэн хоолыг нь халааж өгөх болж байна. Багш нар ажлаасаа хөндийрч болохгүй” гэсэн хариу сонсч байжээ.
Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүүхдийн таргалалтын тухай асуудал их хөндөгдөх болсон. Зарим эхчүүд цаг зав муутай гэсэн шалтгаанаар оройн хоолондоо ч хүүхдүүдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хооллох аж. Зайдас ба хөлдөөсөн пицца нь хамгийн түгээмэл нь. Цаг хугацаа, нөөц бололцоог хэмнэх бус үндэсний зуршил болсон гэхэд хилсдэхгүй.
Норвегид нефть илрүүлэхээс өмнө тус улс ядуу, хөдөө аж ахуйн орон байжээ. Тариачдын гол хүнс нь талх, бяслаг, хиам, сүү байв. Орчин үеийн норвегичууд ч эдгээр бүтээгдэхүүнээ одоо ч хэрэглэсээр байна.
Тэр байтугай, хүүхдийн төрсөн өдөрт зайдас, пицца, шоколадаар хийсэн бялуу өгдөг. Гэхдээ хүүхдүүдэд зориулж зассан ширээнд лууван, алим, үзэм байх нь элбэг гэж Катерина хуучлав. Тэрээр хүүгээ найман нас хүрэх үед төрсөн өдрийг нь Осло хотын угсаатан зүйн музейд тэмдэглэхээр шийдсэнээ дурссан юм. Учир нь тэнд асар том ногоон талбай байх бөгөөд хүүхдүүд гүйж, тоглох зуураа үндэсний зан заншлыг агуулсан бүтээлүүдийг харж болох юм гэжээ. Тэрээр хүүгийнхээ ангийн хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ирэхийг урьж, орос хоолоор дайлах санал тавьж байжээ. Гэвч 14 хүүхдийн хоёр нь буюу норвеги биш хоёр хүүхэд саналыг нь дэмжсэн аж. Харин үлдсэн хүүхдүүд "Энэ нь тийм ч сайхан санаа биш” гэжээ. Үдэшлэгт уригдсан зарим эцэг, эхчүүд ч бас музейн тасалбар худалдан авах нь илүүдээ гарсан зардал гэв. Норвегид музей үзэхэд хүүхэд үнэ төлбөргүй, харин томчуул төлбөртэй байдаг аж.
Ер нь хүүхдийн төрсөн өдрийн баярт урихдаа юуны өмнө хоолны зэс, хэр үнэтэй бэлэг авахаа заасан байх шаардлагатай. Энэ нь төсөв муутай өрхийг эвгүй байдалд оруулахгүйн тулд ийн урьдчилан танилцуулдаг аж. Мөн баярт урихдаа хэзээ эхлэх, хэр хугацаанд үргэлжлэх, болох арга хэмжээг дурдсан байдаг ёстой. Хүүхдийн төрсөн өдрийн баярын үеэр далайн дээрэмчин, эрдэнэс хайх, спортын тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулах нь түгээмэл.
Норвеги улсад тансаг гэдэг ухагдахуун нь эд зүйлс, хоол хүнс биш юм. Харин цэвэр агаар, ойр орчинд нь спортын арга хэмжээг зохион байгуулахыг хэлдэг аж. Байгаль бол гол баялаг агаад хүүхдүүд цэвэр агаарт олон цагаар байхыг илүүд үздэг.
МУУХАЙ ЦАГ АГААР ГЭЖ ҮГҮЙ
Осло хотын гудмууд өглөөний найман цагаас үл нэвтрэх комбинезон, резинэн гутал өмссөн хүүхдээр дүүрдэг байна. Норвегичүүдийн дунд ч ийм нэгэн яриа ч бий. "Хэрэв резинэн гуталтай бол тэр нутгийн иргэн” гэж. Тэд ямар ч үед бэлтгэлтэй байхыг эрмэлздэг. Бүр цэцэрлэгт байхаас нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй "найзлах”-ыг заадаг аж
Катерина цааш нь ярихдаа "Норвегид очсон эхний сар байлаа. Ширүүн бороо орж байсан үе. Нэгэн цэцэрлэгийн хажуугаар өнгөрөхөд бяцхан хүүхдүүд тоглож байхтай тааралдсан. Тэсвэр алдаж хүмүүжүүлэгчээс нь асуулаа. Ийм бороотой байхад яагаад тэднийг гадаа тоглуулж байгаа юм” гэж. Харин хүмүүжүүлэгч асуултыг минь ч ойлгосонгүй. Учир нь энд "байгаль”-ийг загнах боломжгүй. Хэрэв чи гомдол гаргаж байгаа бол залхуу нэгэн бөгөөд цаг агаарт тохируулж хувцсаа өмсч чаддаггүй гэж ойлгодог гэв. Ер нь хүүхдийг хэрхэн зөв зохистой хувцаслах талаар эцэг, эхийн хурлын үеэр зөвлөгөө өгдөг аж. Хүүхдүүд хичээлийн завсарлагааныг цаг агаар ямар байхаас үл хамааран сургуулийнхаа гаднах талбайд өнгөрүүлдэг байна. Усан бороо, хүчтэй салхи, цастай байх нь чухал биш. Хүүхэд гүйж харайж, тархиа "салхи”-луулснаар чийрэгжин дараагийнхаа хичээл идэвхтэй байхаас гадна эрүүлждэг гэж үздэг байна.
"Хүрээлэн буй орчин” гэх хичээл дээр хүүхдүүдэд цаг агаарт тохируулан хувцсаа өмсөх талаар зааж сургадаг. Жишээлбэл, хасах арван хэмд байхад байцаа шиг олон давхар хувцас өмсөхийг зөвлөдөг байна. Тухайлбал, эхлээд даавуун, зөөлөн эдээр хийсэн дотуур өмд цамц өмсөх, дараа нь зузаан жинсэн хантааз өмсөөд бүр гадуур нь хөлс гадагшлуулдаг комбинезон өмсөх гээд. Мөн ус нэвтрэхгүй бээлий гээд нарийн ширийн зүйлийг нэгбүрчлэн заадаг аж. Мөн хэрхэн зөв хооллох, эрүүл мэнддээ яаж анхаарах, өвчнөөс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх арга сургадаг байна. Мөн шүдээ хэрхэн арчлах талаар заадаг аж. Хүүхдийн зохиолч Турбьёрн Эгнерын бичсэн "Кариус, Бактусын адал явдал” гэх номыг мэдэхгүй хүүхэд гэж үгүй. Энэ нь Марк хэмээх залхуу хүүгийн тухай өгүүлэх тус номон шүд цоорох болон хэрхэн зөв угааж цэвэрлэх тухай аж. 1955 онд тус номоос сэдэвлэн хүүхэлдэйн кино хийсэн байдаг. Үүнийг үзээгүй хүүхэд Норвегид үгүй. Тус улсад шүдний эрүүл ахуйд анхаарал их хандуулдаг бөгөөд даатгалыг улсаас төлдөг байна. Гэхдээ хүүхэд 18 нас хүрч байж сая нүүр амны эмчийн тусламж авах эрхтэй. Хүүхдийн шүдийг хар багаас нь зөв арчлах тал дээр эхчүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Бүр анхны шүд цухуйсан мөчөөс арчилж эхэлдэг байна. Мөн айл өрх бүр эмчтэй байх бөгөөд хоёр жил тутамд эмчээ сольдог. Өрхийн эмч гэдэг ойлголт нь Норвегид их өргөн утгыг агуулдаг. Тэрээр жирэмсэн эхийг хяналтдаа авах, хүүхэд, хөгшдийг үзэж, өвчтөнүүдийг эмнэлэг рүү илгээх, жор бичиж өгөх гээд олон үүрэгтэй.
Норвегид хүүхэд 38 хэм халуурвал энэ нь эмч дуудна гэсэн үг биш. Ханиад хүрэх нь хүүхэд хичээлээ таслахын нэр биш гэж үздэг. Эмч ханиад томуу, бие тавгүйрэхэд "ногоон жор” бичиж өгөх нь олон. Энэ нь ойгоор зугаалах албан ёсны жор гэлтэй. Өөрөөр хэлбэл, таны эрүүл мэнд асуудал гарсан бол та залхуу, хариуцлагагүй нэгэн гэж үздэг байна. Учир нь та спортоор хичээллээгүй, биеэ чийрэгжүүлээгүйгээс өвдсөн гэх.
Биеийн тамирын хичээлд бусад хичээлүүдээс илүү анхаарал тавьдаг байна. Хавар, намар усанд сэлэх, өвөл цанаар гулгаж, бүтэн жилийн турш явган аялал хийнэ. Улсын сургуулиудад хүүхдүүд есөн наснаас эхлэн багшийнхаа хамт гурван өдрийн явган аялал хийдэг. Майханд хоноглож, хээр гал түлж, хоолоо хийдэг байна. Мөн долоон хоногт нэг удаа автобусаар ууланд гарах, ойд зугаалах гурван цагийн аяллыг зохион байгуулдаг аж.
Норвегичууд спортод өндөр амжилт гаргадаг нь ч үүнтэй холбоотой байх. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө спортын үнэтэй эд, хэрэгсэл авч өгөхдөө ч гар татдаггүй байна. Үүний зэрэгцээ хүүхдийг "Өөрийгөө бусдаас онцгой гойд гэж бодох хэрэггүй” гэсэн уриагаар хүмүүжүүлж иржээ. Зохиолч Аксель Санемусын ийм уриа гаргаж байжээ. Тиймээс Норвегийн сургуулиудад хэн нэг нь бусдаас онцгойрох ёсгүй. Харин спортод бол энэ дүрэм үйлчлэхгүй. Тиймдээ ч норвегид сургалтын дэвтэр гэж үгүй. Хичээл даваа гаригт эхлэхэд долоо хоног хийх хичээлийн төлөвлөгөө, мөн хуваарьт хичээлээс гадуур гэрийн даалгаврыг өгдөг байна. Долдугаар анги хүртэл дүн тавьдаггүй. Учир нь энэ нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой юм. Сургалтын тогтолцоо нь хүчтэй нь хүчгүйгээ авч гарах” зарчим дээр суурилдаг. Хүүхэд бүр ижил лайк авч, бусдаас ялгарвал та найзгүй гэсэн зарчим үйлчилдэг байна.
Эх сурвалж: Вокруг света. ру
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа