Шадар
сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх
өргөдлөө өгч, оронд нь Н.Энхбаярыг томилуулах албан бичгийг Шударга ёс
эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гарын үсгээрээ тамгалж, Ерөнхий
сайдад илгээлээ. Харин Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд
болгохоор болов. Ингэснээр гавьяат эмч Л.Жамбалжав МАХН-д гомдолтой
үлдэв.

Сэрүүхэн өдрийн халуухан мэдээ болсон энэ үйл явдал улс төрийн
тогоонд буцлам байдлыг бий болгоно. Эмзэглэх бүр зэвүүцэх хүн ч цөөнгүй
бий. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эх орондоо "салхилах” гэж ирэхэд
л эмзэглэж, прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хурал дээр
"агсамнаж”, загнасаар индрийг орхисон. Тухайн үед Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж:
- Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголд ирж байна. Төрийн
ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Тэр авлигач хамсаатнуудаа
аваад ир. Гадагш нь гаргасан тэр олон сая тэрбум, доллараа аваад ир.
Дүүгээ, хамсаатнаа авч ирээд Монголд салхил. Салхигүй газраар явж зовж
яах юм бэ
- Шүүхээр ялтан гэдэг нь шийдэгдсэн хүн зөвлөгөө өгөхөөр ирсэн гэнэ. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ.
- Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Тийм борчуудын хүүхэд бий юу. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юу.
- Авлигач өнөөдөр УИХ-д төлөөлөлтэй. Түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон
- гэхчлэнгээ Н.Энхбаярт хаягласан хатуу үгс цөөнгүй чулуудсан.
Зун бол Н.Энхбаяр Засгийн газарт зөвлөе, чадах зүйлээрээ тусалж, дэмжье гэж Солонгосоос эх орноо зорьж ирснээ дуулгаж байв. Бас төрийн бодлогыг тодорхойлно гэсэн үг. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн
дотор давчуухан байгаа нь мэдээж байх. Түүний хэлсэн авлигач нь төрийн
бодлогыг тодорхойлохоор томоохон суудал, албан тушаалд нь залрах гэж
байна. Засгийн газрын тэргүүн Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох тухайгаа
Ерөнхийлөгчид дуулгана. Харин байдалд хүрнэ гэсэн үг. Зам тээврийн сайд М.Зоригт шиг огцорно гэж хэлэхгүй нь мэдээж байх.
Н.Энхбаярыг Төрийн ордонд "салхилах” сургаар хамгийн түрүүнд
дургүйцлээ илэрхийлсэн хүн бол Зам тээврийн сайд М.Зоригт. Тэрбээр
"Монголын шударга бус, бусармаг бүх юмны бэлгэ тэмдэг болсон Н.Энхбаярыг
төрийн толгойдоо зална гэдэг гутамшиг” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж,
түүнийг Шадар сайд болчихвол огцорно гэдгээ ч мэдэгдсэн. Мөн тэрбээр энэ
томилгоог Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ч
үгэндээ давхар дайсан.
АН-ын даргын хийсэн энэ тохиролцоо намынхаа томчуудын дургүйцлийг
чамгүй хүргэнэ. АН-ын экс дарга Н.Алтанхуягийг МАХН-ын дарга
Н.Энхбаяртай хамтран ажиллахаар гэрээ байгуулах үед боож үхэхээс наагуур
байсан хотын дарга Э.Бат-Үүл ч таатай үг хэлэхгүй. Түүнийг эзгүй
хойгуур өрнөсөн энэ үйл явдалд дургүйцлээ илэрхийлж, маргааш Францаас
ирэнгүүтээ хурал зарлаж ч мэдэх эмоцитой хүн.
Ямартай ч Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах тохиролцооны дагуу
гэсэн тодотголтой албан бичиг Ерөнхий сайдын гарт очлоо. Энэ бичигт
Ерөнхий сайд хэрхэн хандах цаашлаад УИХ-ын гишүүд ямар үзэмж гаргах нь
сонирхол татах асуудал болон хүлээгдэж байна.
Гадаа -20 хэмийн хүйтэн байгаа ч улс төрийн тогоо ид халуунаар буцалж байна.
В.Хэрлэн