|

С.Батжаргал: Цаг хугацаа өнгөрнө. Хийсэн л байх ёстой


 

С.Батжаргал: Цаг хугацаа өнгөрнө. Хийсэн л байх ёстой

 

Орхон аймгийн Засаг дарга Сэмжидийн Батжаргалтай ярилцлаа. Бид Эрдэнэт хотын ойрын болон ирээдүйн хөгжлийн зорилт, иргэдээ орон сууцаар хангах бодлого, цахим Эрдэнэт хөтөлбөр гээд олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэрээр аймгийн Засаг даргаар томилогдоод нэг жил өнгөрч байна. 


-Та аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. Одоо аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч. Энэ хоёрын хоорондох зөрүү хэр байна? 

-Засаг даргын орлогчоор ажилласан дөрвөн жил надад маш том туршлага болсон. Аймгийн Засаг дарга болоод ИТХ-аар ирэх дөрвөн жил ажиллах бодлогоо танилцуулж батлуулахдаа өмнө нь хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ажлуудаа тусгасан. Энэ утгаараа зөрүү бага гарсан гэж хэлж болно. Харин шийдвэр гаргах, үүрэг, хариуцлагын хувьд орлогчоосоо Засаг дарга байх нь илүү хариуцлагатай байх нь мэдээж. Тэр утгаараа зөрүү их. Жишээ нь 2020 оны 11 дүгээр сарын 17-нд Орхон аймагт гарсан цар тахлын тархалт байлаа. Ковидын үед ямар арга барилаар ажиллах, шийдвэрийг хэрхэн гаргахаас эхлээд Засаг даргын хувьд шийдэх олон асуудал гарсан. 


-Та ажлаа хүлээж аваад бараг л 10 хонож байхад ковид гарсан. Энэ үед гаргаж байгаа шийдвэр тань таныг ирээдүйд аймгийг хэр удирдах вэ, хэр стратегич вэ гэдэг "өнгө”-ийг харуулах шиг болсон. Тухайн үед хэцүү байв уу?

-Ковид гарахад хамгийн түрүүнд Эрдэнэт хотын онцлог юу билээ гэж бодсон. Энэ онцлог дээр тулгуурлаж шийдвэрүүдээ шуурхай гаргахыг хичээсэн. Мөн хүмүүсийн цочирдсон сэтгэлзүй, хөл хорио тэднийг хэрхэн бухимдуулж байгаа, зарим нь ковидыг үүрд байх юм шиг сэтгэлээр унаж байхад, зарим нь түр зуурын шүлхийтэй адилтгаж тоохгүй байсан. Ийм олон өнцөг харагдаж байсан учир эхлээд нөхцөл байдлаа ойлгуулах нь чухал байлаа. Бид маш шуурхай шийдвэр гаргаж ажиллах шаардлага гарсан. 

 

Тиймээс хөрөнгө зориулахаас эмээлгүйгээр шийдвэрүүдээ гаргасан. Эцсийн шийдвэрийг аймгийн Засаг дарга л гаргана. Бүх хүн миний шийдвэрийг хараад зогсчихсон. Тэгэхээр иргэдийн стресс бухимдлыг дагаж шийдвэр гаргах уу эсвэл нийтлэг эрх ашгийг нь хангасан ч заримд нь таалагдахгүй байж болох шийдвэр гаргах уу гэдэг сонголт тулсан. Тухайн үед хүмүүс бүх цаг үед ковид байх юм шиг ингэ тэг, ийм мөнгө гарга ингэж ажиллах хэрэгтэй гэж олон санал  хэлж байсан. Тэр үед би  "Цаг хугацаа өнгөрнө. Хийсэн л байх ёстой” гэж өөртөө хэлсэн. Ингээд ковидын үед болон дараа нь яах вэ, Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөөнүүд, бүтээн байгуулалтын ажлууд, хөрөнгө оруулагч гадаадын хамтын ажиллагаа яах вэ гээд олон асуудлыг шат дараатай шийдэж эхэлсэн. 


-Ковидтой зэрэгцээд төрийн ажил цаашаа явах л ёстой л доо. 

-Тиймээс л хөл хорионы үед Элчин сайдуудад захидал бичиж хамтран ажиллах саналаа хүргүүлсэн, хотын төлөвлөлтөд саад болж байгаа зарим газрын эзэдтэй уулзсан гээд ажлуудаа эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн. Эцсийн дүндээ бид төлөвлөсөн бүх ажлаа хэрэгжүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цагаан тоосыг шинжлэх, судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон, Европын банкны буцалтгүй тусламжаар "Эрдэнэт Ус ДТС” компанид "Компани чадавхжуулах иж бүрэн төсөл”-ийг авсан, НҮБ-тай хамтран хог хаягдал, нийтийн тээврийн судалгаа тооцоо гаргаж дараагийн судалгаа хийхээр болсон.  


-Та сая хэллээ. "Цаг хугацаа өнгөрнө. Хийсэн л байх ёстой” гэж. Цаг хугацаа өнгөрсөн. Үр дүнд нь Орхон аймаг 21 аймгаас түрүүлж вакцинжуулалтаа эхлүүлсэн, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулсан, PCR лабораторитой ч болсон байна...

-Эрүүл мэндийн яам биднийг маш сайн дэмжсэн. БОЭТ-ийн дарга Б.Наран-Эрдэнэ манай аймагт ангиографийн аппарат хэрэгтэй байгаагаа ЭМЯ-нд уламжилсан. Тухайн үед Т.Мөнхсайхан сайд ирэх жилийн зургадугаар сард энэ аппаратыг чинь ажиллуулж өгье гэж хэлсэн. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан асуудлыг шат дараатай шийдвэрлэсээр байна. Бид 354 сая төгрөгөөр Нийгмийн эрүүл мэндийн төвд, 470 сая төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх "Эрдэнэт сувилал”-д  вируслогийн лаборатори нэмж байгуулсан. 

Ингэснээр хотын хэмжээнд өдөрт 200 орчим PCR шинжилгээ хийдэг байсан нь 800-1000 болж нэмэгдсэн. Мөн коронавируст халдварыг эмчлэх 660 орыг нэмэлтээр аймгийн хэмжээнд гаргасан. Амьсгал дэмжих, орлуулах хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ковидын тусгаарлалтын "Улаан бүс”-д эмчлүүлж буй өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдсэн. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг улсын төсвийн 560 сая төгрөгөөр байгуулсан. Энэ онд л гэхэд бид эрүүл мэндийн салбартаа улс болон орон нутгийн төсвөөс 4.4 тэрбум төгрөгийг зарцуулж байна.

  

Мөн ковидын үед тулгамдсан асуудлуудыг УИХ-ын гишүүн Д.Батлут яамдтай холбогдож шуурхай шийдвэрлэж байсан нь маш их дэм болж байсан. Ковид зөвхөн эрүүл мэндийн асуудал байгаагүй. Боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүх салбарт нөлөөлсөн. Иймд төгсөх ангийн сурагчдад зориулан E-Lab ᠋программ ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжийг нь бүрдүүлж өгсөн. Энэ мэтчилэн ковидоос үүдэлтэй үр дагавруудыг шийдвэрлэсэн.  


-Эрдэнэт хотын газар доорх инженерийн шугам сүлжээний насжилт дуусч сольж эхэлсэн. Зунжин, намаржин ундуй, сундуй байлаа. Иргэд ч их бухимдлаа.  Ажлын явц хэр байна вэ?

-Газар доорх инженерийн шугам сүлжээг шинэчлэхгүй бол бид дээр нь мянган барилга бариад  нэмэргүй. Тиймээс ажлаа иргэдэд ойлгуулахаас эхэлсэн. Газар доорх байгууламж бол хотын амин судас нь байдаг. Үүнийг одоо л шинэчлэхгүй бол ирээдүйн 45 жилийн хөгжлийг төлөвлөхөд хэцүү болно. Наанадаж өвөл шугам хагарвал хотоороо даарна. Үүнээс л сэргийлсэн. Хотын хөгжил газар доорх байгууламжаас эхэлдэг. Тиймээс бид энэ жил нэлээн олон шугам ухлаа, зам сэтэллээ. Энэ жил бороо их орлоо. Хил гааль хаалттай байлаа. Барааны үнэ нэмэгдлээ. Ажиллах хүчний дутагдалд орлоо гээд бэрхшээл их байсан. Гэхдээ бид эхлүүлсэн. Ямар ч гэсэн 400 гаруй метр шугамыг сольсон бас засварласан. Хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, засварлах чиглэлээр энэ онд 28  ажил төлөвлөснөөс 11 ажил бүрэн дууссан. Эдгээр ажлуудад улсын болон орон нутгийн төсвөөс 11.2 тэрбум төгрөгийг зарцуулж байна. 

                                   

ГЭР ХОРООЛЛЫН ЗУРГААН БАГИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА 


 

-Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан учир дахин батлуулах, зураг төсвийн ажил эхэлж байх шиг байна. Энэ төлөвлөгөөнд туссан гол ажил юу байна вэ?

-Орхон аймгийг байгуулаад 45 жил болж байна. Энэ хугацаанд Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гурван удаа баталсан түүхтэй. 2005 онд Эрдэнэт хот нь Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болсонтой холбогдуулан 2020 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байдаг. "Эрдэнэт хотыг 2020-2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах, батлуулах саналыг Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаатарт уламжилсны дагуу зураг, төсвийг нь гаргахад шаардлагатай 720 сая төгрөгийг шийдвэрлүүлж чадсан. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 20 жилийн дараах Эрдэнэт хотын хөгжлийг тодорхойлох юм. 


-Гэр хорооллыг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр 2040 он хүртэл хэрэгжих хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Утаагүй байх, орон сууцны хорооллыг нэмэгдүүлэх зэргээр уялдаж байгаа. Бид Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр Эрдэнэт хотод "Орлогод нийцсэн орон сууц төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийн хүрээнд Уртын гол багт таван давхар 240 айл,  Цагаанчулуут багт 12 давхар 72 айл,  Их Залуу багт таван давхар 240 айл,  Эрдэнэ багт таван давхар 270 айл, Говил багт таван давхар 240 айл, Оюут багт дөрвөн давхар 992 айл, Баянцагаан багт таван давхар 72 айлын орон сууц барина.  Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2126 айлын орон сууц барина.  


Эдгээр орон сууцны нэг м.кв талбайг 1.4-1.6 сая төгрөгөөр худалдана. Шинээр барих орон сууцны 80 гаруй хувийг нь худалдаж үлдсэн 20 гаруй хувийг нь түрээслүүлнэ. Эдгээр гэр хороололд цэвэр, бохир ус, төвийн дулааны инженерийн болон нийгмийн, дата дэд төвүүд байгуулна. Тус бүрт нь дэд төв байгуулахгүй бол "Эрдэнэт ДЦС” шинээр үүсэх орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах хүчин чадал нь хүрэхгүй. Мөн улсын төсвийн хөрөнгөөр барьсан насосуудыг одоо ашиглана. Ирэх жилийн төсөвт тусгасан байгаа. Манай аймагт 2015-2021 онд 28 тэрбум төгрөгөөр 22 км орчим шугам барьсан байдаг. Үүнээс 640 айл л дулаан авах боломжтой хэрнээ одоо хүртэл хашаандаа дулаанаа татаагүй байна. Төвийн дулааныг байшинд оруулахгүй бол монгол гэрт боломжгүй. Тиймээс тухайн айлын сууцны асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ бид боломжит бүх хувилбарыг судалж шийдэхээр ажиллаж байна.


-Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллах үеэрээ шинээр барих орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээнд улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг тусгахаар шийдвэрлэсэн.   Энэ хаана хийгдэх ажил вэ? 

-Дөмөг захын урд 992 айлын "Залуус” хороолол барина. Үүний дэд бүтцэд дээр 50 тэрбум төгрөгийг зарцуулна. Дэлхийн банкны зөвлөгөөгөөр манай аймгийг баруун тал руугаа биш зүүн талдаа барилгажилтаа эхлүүлж, орон сууцны хорооллууд нь цомхон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байхаар хийхийг санал болгосон байдаг.  Үүнийг ч бид зөв гэж бодож байгаа. Тиймээс шинэ суурьшлын бүс зүүн тал руугаа бий болно гэсэн үг. 


-Саяхан "Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум боллоо. Энэ форумаар бид уул уурхайгаас хараат бусаар хөгжих салбар нэгжийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд уялдсан хөрөнгө оруулалт, технологи,  түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцсэн.  Үр дүн нь яаж гарав?

-Ирэх дөрвөн жил хийх ажлынхаа цөм болон томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцуулсан. Олон үр дүн гарсан. Товч хэлэхэд, мэдээлэл, технологийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгүүд байгуулсан. ICT групп, ITools компанитай санамж бичиг байгуулж 1.5 жилийн дараа Эрдэнэт хот цахимд шилжих, төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулах, гэр хороололд дата төв байгуулах эхлэлийг тавьсан. Тодруулбал, цахим шилжилтийн суурь болох дата цуглуулах, дамжуулах төвтэй хамтран ажиллахаар болсон. 

                                     

ИНЖЕНЕРҮҮДИЙГ ЭРДЭНЭТЭД УРЬЖ БАЙНА 


-Та бас төрийн байгууллагад шаардлагатай байгаа 45 мэргэжилтнийг аймагтаа урьж байсан. Мэргэжилтнүүдэд ямар нөхцөл санал болгож байна вэ? 

-Төрийн байгууллагад нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийн жагсаалтын судалгааг гаргахад дийлэнх нь инженерүүд байсан. Би өөрөө инженер мэргэжилтэй учир инженерүүдэд илүү ач холбогдол өгсөн байж магадгүй. Гэхдээ л барилга, зам, дулаан, төслийн инженерүүд манайд хэрэгтэй байгаа. Мөн тогооч, сувилагч, үйлчилгээний ажилтан хэрэгтэй байна. Олон жил бизнес хийсэн хүн боловсон хүчингүй болчихоод ресторанаа тогтмол ажиллуулж чадахгүй байна. Иймд МСҮТ-д тогоочоор сурч байгаа хүүхдүүдийг дадлага хийх боломжийг олгох зорилгоор ирэх жилийн төсөвт тодорхой ажлуудыг тусгаж байна. Хүмүүс төрд ажиллахгүй байгаагийн шалтгааны нэг нь цалин, урамшуулал, ажлын уян хатан нөхцөл байх. Иймд бид төрийн байгууллагад нэн шаардлагатай байгаа мэргэжлээр сурч буй оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, төгсөөд ирэхэд нь нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, гэрээгээр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. 


-Эрдэнэт хот цахимд шилжих бэлтгэлээ базааж "Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг баталсан. Хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн онд баталсан хөтөлбөр. Төлөвлөгөөний дагуу ажил ургашилж л байна. Хөтөлбөрийн гол зорилго бол нэгд, мэдээллийн технологийн хөгжингүй хот болно. Хоёрт, зам тээврийн хувьд аюулгүй, таатай хот болох. Гуравт, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хяналттай төлбөрийн систем сайтай хот болох. Дөрөвт, хог хаягдлын менежмент түүнийг дагасан эдийн засгийн эргэлтэд оруулсан хот болох. Тавт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ гэж зорьж байгаа. Үүнд бизнесийн, нийгмийн, инженерийн, үйлчилгээний гээд бүх асуудал багтсан. Ер нь "Цахим Эрдэнэт-1” хөтөлбөр бол үндсэн бэлтгэл хөтөлбөрийн суурь ч гэж ойлгож болно. 2020-2024 он хүртэл хэрэгжиж дараагийн түвшинд юу хийх вэ гэдгээ гаргаж ирэх зорилготой.  


-Цахим хот, инженерийн шугам сүлжээ, орон сууц, боловсон хүчин гээд та Засаг даргаар томилогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд эхлүүлсэн гол ажлаа дурдлаа. Үүнээс  үр дүн нь дөрвөн жилийн дараа гарах нь ч бий бас энэ хугацаанд багтаж гарахгүй нь ч бий. Энэ ялгааг хүмүүс олж харах болов уу?

-Олж харах эсэхийг нь мэдэхгүй ч ирээдүйд босох бүтээн байгуулалт, орон сууц, барилга байгууламж одоо цагт өвөлдөө дулаан, зундаа таатай амьдрах боломжийг бүрдүүлэх гэж ажиллаж байна. Аливаа төлөвлөлтийг хийхдээ Эрдэнэт хотын онцлог, давуу тал, сул тал юу вэ гэдгээс бидний хийх ажил гарч ирнэ. Хүмүүсийн яриад байдаг, залуусын хот, инженерүүдийн хот юм бол энэ бүх онцлогийг яаж давуу тал болгох вэ гэдэг нь маш чухал. 

Жишээлбэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн залуучуудад чиглэсэн "Идэвхжсэн 2030” хөтөлбөр байна. Залуучуудын санаачилсан таван төсөлд 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Залуусын хот л юм бол тэднийг дэмжих бүх боломжийг эрж хайх хэрэгтэй. Мөн багшийн хөгжлийг дэмжиж байж бид ирээдүйд зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэнийг бэлдэнэ. Иймд боловсролын салбарыг дэмжих хэрэгтэй. Энэ мэтчилэн онцлог, давуу талаа ирээдүйд үэнэ цэнтэй болгохын тулд өнөөдөр эхлүүлж буй эдгээр ажлууд юм. Энэ ташрамд хэлэхэд, нийгмийг соён гэгээрүүлэх нь  бас юу юунаас ч илүү чухал учир ирэх дөрвөн жилд Орхон аймаг маш сайхан номын сантай болохоор зорьж байна. 

-Их ажлынхаа хажуугаар цаг гаргасанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.  



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин