|

ЦУУТАЙ ГАВЬЯА НЬ БҮДГЭРСЭН ЦУСАН ГАВЬЯАНЫ ОДОНТ...


Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч/

 

Миний суманд олон сайхан ахмадууд байсан. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ардын хувьсгалын партизан ч хэд бий. Бусад сумын адил түүх цадигтаа тэргүүнд нь залж хүндэлдэг сэн.  "Дайны жилийн цэрэг явлаа..." гэж сайхан дуу байдаг даа. Миний суманд эх орны дайны үеийн цэрэг эрс олон байсан. Ванчин Бажаа, Бадарч баажаа , муухай Түдэв, Батаа гуай гээд...сураг мэдэхээс. Эд бол дайны үеийн цэрэг буюу эх орноо хамгаалах үйлсэд амиа өгөхөд бэлэн явсан эрс. Түүн дотроос нэг л хүнийг онцлон тодруулах гэсэн юм. Энэ хүн бол Буянхишигийн Сахьяа. Миний нутгийхан Бааран бааваа л гэдэг байсан байх. Сумаас баруун тийш нутагладаг байсныг нь бүдэг бадаг мэдэх...Миний хамаатан хүн. Хааяа аав ээж минь золгуулдаг байсан. Тоймтойгоос нь товч дурдвал иймэрхүү. Цусан гавьяаны улаан тугийн одонтой дайчин явсан хүн дээ.. Байлдааны гавьяаны улаан тугийн одонг хөгшчүүл ингэж нэрлэдэг байлаа... Сургуульд орсон байх үед эвлэл пионерийн ажлаар ялалтын баярын үеэр байлдаж явсан тухай нь яриулдаг байлаа. Тэр үед сурах бичигт "Аюуш" туужийг аль нэг ангийн сурах бичгээс уншдаг байсан үе л дээ. Сахьяа бааран гэж ийм нэг сайхан хүн эгэл жирийн амьдарсаар чимээгүйхэн одсон юм. Энэ хүнийг цэргийн албанаас халагдахад нь шийтгэн олгосон нэг улаан үнэмлэх байдаг. Тэр үнэмлэхэнд: Буянхишиг овогтой Сахьяа бие болвоос БНМАУ-ын ардын хувьсгалт цэргийн албанаа нас бие тэнхцэж 40 дүгээр онд татагдан ирээд ардын хувьсгалт цэргийн сахилга журмыг хатуужилтайгаар хадгалан сахиж байлдааны ба улс төрийн хүмүүжилтэй болж үндэсний бичиг үсэгт суралцан эндэгдэлгүй үнэн шударгаар уг албыг хааж 5 жилийн хугацааг дуусгаж бэлтгэл болон халагдсан бөгөөд цэргийн эрдмийн нэгдүгээрт онцоор мэргэжсэн цэрэг болох тул энэхүү үнэмлэх бичгийг шийтгэн олгож хадгалуулав. Орон нутгийн олон байгууллагуудаас угтан хүлээн авч олон нийт аж ахуйн зэрэг зохих тэнхцэх албан ажилд нь шинэ хүчин болгон татан оруулах..." хэмээжээ.  Нөгөөтэйгүүр энэхүү  цэргээс халагдсан тухай үнэмлэхийн арын  нүүрэнд  монгол бичгээр таталган бичсэн цохолт  байгаа юм. Энэхүү цохолт бичгийг сийрүүлвээс: "Энэхүү нөхөр ану  ирээд  хугацаа  дуусгасан үнэмлэхээ  хулгайд алдсан мөн бөгөөд үүнийг нь манай сумангийн захирагч  ану баталсан тул  үүнд жинхэнэ үнэмлэхийг олговой.” гэсэн утгатай ажээ. Тийм болохоор   Завхан аймгийн цэргийн хэлтсээс энэхүү үнэмлэхийг  дахин олгож байжээ.  Үнэмлэхэн дээр  гурван хүн   гарын үсэг зурж, тамга  даржээ. Энэ гурван хүний дундах нь тэрхүү цохолтыг хийсэн нь гарын үсгийн тэгээс тодорхой байгаа юм.      Миний сонсож мэдсэнээр тэр хүний бидэнтэй уулзаад ярьж байснаар Сахьяа гэдэг дайчин БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн Хөнгөн пулемётын наводчик байсан гэсэн. Энэ үнэхээр байлдааны үед жинхэнэ галын шугаман дээр үхэх сэхэхээ үздэг обьект байсан шиг байгаа юм.


Шудрагаар хэлвэл Аюушаас ч өмнө баатар болох ёстой гэсэн үг л дээ. Нэг сонин нь Жанчхүүгийн даваанд байгаа эрэлхэгээр нас барсан цэргүүдийн чулуун дээр сийлсэн нэрэн дотор Б.Сахьяа гээд бичээтэй байдаг гэсэн. Ийм нэг баатарлаг дайчин элсэн манхан элбэг шаргал говьдоо эгэл энгийнээр цусан гавьяаны улаан тугийн одонгоо зүрхэн дээрээ зүүсээр зүв зүгээр юу ч болоогүй чимээгүй аж төрсөөр одсон. Нэн харамсалтай. Миний сумын түмэн олон энэ хүнийг "баатар" л гэж сэтгэл сэтгэлээрээ шагнасан. Буянхишигийн  Сахьяа гэдэг энэ нэр  амьдаараа мөнхөрсөн тодоос тод жишээ энэ буюу...

1945 оны  наймдугаар сарын сүүлчээр бүр тодруулвал  19-21-ны өдрүүд үнэхээр  ширүүн тулалдаан болж байсныг  олон хүн дурсан ярьсан байдаг.  Сахьяа гуай ч  1980-аад оны дундуур ялалтын баярыг тохиолдуулан  бидэнтэй  хүүхэд байхад уулзалт хийж, дайнд оролцсон тухайгаа сонирхуулан ярьдаг байсан нь одоо болтол дурсамжийн  богцноос сугарч гээгдээгүй  юм. Пулемёт,  наводчик гэх үгс содон соргог төдийгүй, түүнийг барьж үзэхийн хүсэл  бяцхан цээжинд минь  очтон  байсан сан. Тэр  хүний эгэл энгүүн хөдөөх төрхийг хараад ийм хүн тийм  мундаг байлддаг аа гээд  гайхна. Сурах бичгийн хуудаснаас Д. Сэнгээгийн "Аюуш” туужийг уншихдаа энэ хүнтэй чинь мөр зэрэгцэн тулалдаж явсан хүнийг танина шүү дээ гэж бодлоо улам хурцлаад л урамшаад л уншдаг сан. Тэр үнэхээр мэргэн буучийн үүргээ  амжилттай гүйтэтгэж, хөнгөн пулемётийн  шөргөн гал доогуураа  дайчдаа урагш давших нөхцөлийг хангадаг байсан тухайгаа ярьдаг сан. Түүний пулемётийн сумны төгсөх үзүүр  дайсантай л уулздаг байсан. Багаасаа энэ бодлыг би өнөөдрийг хүртэл тээсэн. Тээх ч болно. 1945 оны 8 сар. Дал гаруй жилийн тэртээ  МАХЦ /Монгол ардын хувьсгалт цэрэг/-ийн бүрэлдхүүн Зөвлөлт Холбоот улсын  улаан армитай  хамтарсан Жанчхүүгийн тулалдаан бол  Халх голын  дайны нэг томоохон үйл явдал юм. Энд  ЗХУ-ын  27 дугаар мотобуудлагын бригад, МАХЦ-ийн тэргүүний ангиудын  хоёр  жигүүрээр давшилтанд орсон байдаг. МАХЦ нь мотобуудлагын долдугаар хороо. Нянтайсүрэн хурандаа командалж явсан. Энэ тулалдаан бол  нэгэнт урьдчилаад бэхэлсэн, хориглосон бэлэн байдалд байсан дайсны бие бүрэлдхүүнтэй тулалдаж байгаа болохоор  манай талд хүнд сорилт болсон нь мэдээж. Тэд  орчныхоо бүхий л ашигтай байрлалыг сонгон хэзээ мөдгүй гал нээхэд бэлэн болсон тийм нөхцөл байжээ. Монгол-Зөвлөлтийн цэргүүд ийм  төвлөрсөн хүч уруу гал нээж  давшсан нь хохирол үзэх магадлал  тун их гэдэг нь хэн ч бодсон тодорхой. Ийм нөхцөл байдалд  монголын эрэлхэг хөвгүүд ямар их зориг самбаа гаргасан нь үнэлж баршгүй, үгээр хэлэхийн аргагүй юм. Тухайн үедээ тэдний  байлдааны тактик  үнэхээр бахархмаар байжээ. Тиймдээ тэд хохирол амссан ч  бэхлэлтийг сэтэлж ялалтын  замыг нээж чадсан юм. Тиймдээ ч 1945 оны 8 дугаар сарын  23-нд  "ялалт” гэдэг үг  тэнгэрт  сонсогдсон юм. Жанчхүүгийн даваанд болсон энэхүү шийдвэрлэх  тулалдаанд ЗХУ-ын 53, Монгол улсын  13 цэрэг алтан амиа гарзадсан. Тэд үнэхээр л өргөсөн тангарагаасаа няцаагүй эх орноо эрэлхэг цээжээрээ хааж эрсэдсэн юм.  Тэдгээр эрэлхэг 13 хэн байсан бэ...Л. Аюуш, М.Жанчив, Б. Сахьяа, М.Жүгдэр, П.Нямаа, Т.Дашдондог, Т.Самданжамц, Ц.Маамуу, Д.Дагва, Г.Лхамрагчаа, Г.Чулуунбат, С.Шагдар, Б.Пүрэв нар...Энэ 13 нэрсийн дотор гуравдугаарт бичигдсэн  хүн болвоос Буянхишигийн Сахьяа юм. Энэхүү Б.Сахьяа буюу Т.Дашдондог  нар бол  хоёр жигүүрийн  мэргэн буудагчид байсан тухай  амьд үлдсэн дайчид нь нэг бус удаа   тов тодорхой хуучлан ярьдаг байсан. Энэхүү дайнд өөрийн биеэр оролцсон Монголын цэргүүдээс  ахмад дайчин Баасангийн Шалмаа гуай л саяхан болтол аж төрөн  байсан "амьд” түүх явсан даа. Шалмаа гуай бол миний  мэргэжил нэгт анд МҮОНРТ-ийн  нэрт сэтгүүлч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн  Ёолк. Шалмаа гуай Сахьяа гуай хоёр нэг салааны цэргүүд. Дайсны өөдөөс хамт давшиж явсан эрэлхэг дайчид.  1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. БНМАУ-ын баатар, хурандаа Д.Нянтайсүрэнгийн удирдлага дор мотомеханикжуулсан 7-р хуягт бригадад БНМАУ-ын баатар Дүүдэйн ахалсан пулемётын суманд  хоёулаа  "мэргэн буудагч”-аар /пулемётчин/ явсан. Хөнгөн пулемётийн жигдхэн тачигнах, дайзтай сумны  тасралтгүй  хөврөхийг  тэр хоёр  жинхэнэ ёсоор  харж, цохилох зүрх нь эх орныхоо төлөө мөн адил тасралтгүй хөвөрч байсан юм.  Мотомеханикжуулсан 7-р хуягт бригадын БНМАУ-ын баатар Дүүдэйн ахалсан пулемётын суманд тулалдаж байсан цэргүүдээс долоон улсын баатар цолтон төрсөн. Тэдгээр нь Аюуш, Дамдинваанчиг, Дампил, Дүүдэй, Нянтайсүрэн, Дашдондог, Жанчив нар юм. Шалмаа гуай, Сахьяа гуай нар 1945 онд цэргээс халагдаж нутагтаа буцсан. Энгэр дээр нь "цусан гавьяаны улаан тугийн одон” л үлдсэн. Тэд зүрх сэтгэлдээ  бурханы хутгийг олтлоо Лувсанцэрэнгийн Аюушдаа хир халдаагаагүй. Дээдлэн залбирч "жинхэнэ баатар” гэж  магтсаар  байсныг  бид мэднэ. Аюуш баатар бол  байлдааны галын дунд  дайчдаасаа тасран  дайсны голомт уруу орж олзлогдож улмаар  алтан амиа алдсан эрэлхэг хөвгүүн л дээ. Хүний  чанар гэдэг тэр үед "алт” шиг байж дээ. Би биш тэр  гэж хэлэх эр зоригтой байж. Өөрийгөө биш нөхдөө гэх  нинжин сэтгэлтэй байж. Буянхишигийн Сахьяа гэж  яг л хөдөөнийхөөрөө насан туршдаа мал ахуйгаа малласан сайхан хүн  одоогоос  24 жилийн өмнө  тэнгэрт хальсан юм.  Тэр 1945 онд  амь үрэгдсэн хэмээн  чулуунд  нэрээ сийлүүлснээс хойш  яг 50 жил  амьд сэрүүн аж төрсөн юм.  Түүний эгэл энгийн цадиг гэвээс 1919 онд одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багийн  Хөтөл гашуунд ард Буянхишигийн 7 дахь хүүхэд болж төрсөн. 21 насандаа 1940 онд цэрэгт мордсон. 1945 онд чөлөөлөх дайны дараа цэргээс халагдаж нутагтаа ирсэн.
Цэргийн албанаас халагдаж  ирээд Хөхморьт сумандаа мал  маллаж аж амьдралаа  авч явсан. Тэр үед  хөдөө орон нутагт газар сайгүй л  нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан цаг. Сахьяа гуай "Баян-Оргил” нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр нь элсэн орж байсан. Тэр цагаас хойш малаа тасралтгүй малласаар, төрж өссөн нутаг усандаа амьдарсан. 1995 онд 76 насандаа  нас барсан. Намайг хүүхэд ахуйд намрын намарт  сумын төвд ирж хүүхэд залуучуудтай уулзаж  байлдаж явсан тухайгаа ярьдаг л ажилтай байсан даа.

Сахьяа гуай хүү Баавгайдаа дайнд оролцож хэрхэн байлдсан, тэр үед чухам ямар тулалдаан болсон тухайгаа  нэгд нэгэнгүй ярьж өгсөн байдаг.  Энэ дурсамжийг  Баавгайн хүү  Сахьяа гуайн ач Бямба-Очир надад  тэмдэглэн  сийрүүлж өгснийг  тэр хэвээр нь энд  орууллаа.

"1945 оны чөлөөлөх дайнд Mонгол ардын хувьсгалт цэрэг ах дүү өвөрмонголыг чөлөөлөх Жанчхүүгийн давааны гурван өдрийн ширүүн тулаан болсон гэдэг. Энэхүү тулааны түүх андуурагдан бичигдсэнээс Лувсанцэрэнгийн Аюуш монгол улсын баатар цолоор нэхэн шагнасан байдаг байна. Монголчууд тэр бүр мэддэггүй нууцлаг түүхийн эзэн чимээгүйхэн байсаар хорвоогоос халин одсон өвөөгий минь суу алдар мартагдан үгүй болсон юм. Монголын төр засаг Буянхишигийн Сахьяагийн тухай судлан үзвэл тун зохилтой юм. Алдарт мэргэн буудагч хөнгөн пулемётын наводчик ахмад дайчин Буянхишигийн Сахьяа нь монгол улсын баатар цол аваагүй нэр нь тодроогүй амьддаа чулуун хөшөөн дээр нэрээ сийлүүлсэн эгэлхэн нэгэн дайчин эрийн түүх он цаг өнгөрөх бүр мартагдан үгүй болсон юм. Буянхишигийн Сахьяа нь амьд сэрүүндээ өөрийн хүү Баавгайд дайны түүхийг нэг бүрчлэн ярьж өвлүүлэн үлдээсэн байдаг. Тэрээр хурандаа Нянтайсүрэнгийн 7-р дивизэд салааны захирагч Дүүдээгийн удирдлаганд тулаанд оролцсон байдаг. Ямар ч дурангүй буугаар 300 метрийн зайнаас шүдэнзний хайрцаг онодог тийм мэргэн бууддаг байсан гэдэг. Монгол Зөвлөлтийн хамтарсан цэргүүд дайсныг нэхсээр яваад Жанчхүүгийн давааны ард дайсны хүчтэй тулгарч ихээхэн хохирол амссан байна. Мөн тагнуулууд дайсныг илрүүлж чадаагүйгээс дайсны уутан галд орж урагш давших боломжгүй болсон гэдэг. Дайсны хорлон сүйдлэх ажиллагаа явагдаж цахилгааны утсыг тасалснаас арагшаа холбоо тасарсан юм. Салааны захирагч Дүүдээ нөхөр холбоочин Жанчивт эвдэрлийг олон засах тушаал өгсөн байна. Мөн монгол ардын хувьсгалт цэрэг дайсныг галаар хавчин тулалдах тактик хэрэглэжээ. Энэхүү тактик нь тун амжилттай болсон гэдэг. Ингээд цэргээ 3 хуваан зүүн жигүүрийг Б.Сахьяа хөнгөн пулемёттой түүний туслахаар Л.Аюуш сумыг тогтоон барьж өгөх түрүүлэн давшиж салаагаа авж гарах баруун жигүүрийг Б.Шалмаа хүнд пулемёттой хуягттай хамт агаараас ирэх хүчийг хориглон тулалдаж, салаагаа авч гарах, дунд хэсгээр хурандаа Нянтайсүрэн болон салааны захирагч Дүүдээн хамт тулаанд орсон байдаг байна. Ийнхүү дайсантай үхэх сэхэхээ үзэн тулалдах явцад холбоочин Жанчив тасарсан утсыг олж үхлүүт шархадсан ч  хоёр үзүүрийг амандаа зуун эрэлхэгээр амь эрсэдсэн гэдэг. Б.Сахьяа, Л.Аюуш нар маш хурдан байрлалаа солин урагш давшиж дайсны галын цэгүүдийг устгаж байх явцад гэнэт нэгэн нохой хурдтай давхиж байхыг Б.Сахьяа тун сайн ажиглан харснаар 750метрийн зайнаас бараг л хүний нүдэнд өртөхгүй нохойг буудан унагасан гэдэг. Гэтэл тэрхүү нохой нь дайсны мэдээ хүргэгч монгол цэргүүдийн байрлалыг схемээр заан харуулсан нууц бичиг байсан гэдэг. Ийнхүү дайсны мэдээг замаас нь таслаж маш том гавьяаг ангидаа байгуулсан байна. Мөн тулааны явцад Л.Аюуш сураггүй алга болсон гэдэг. Сум барьж өгж байгаад сум дуусангуут сумаа хийгээрэй гэж хэлэх гэтэл Аюуш байгаагүй гэдэг. Яг энэ үеэр салааны захирагч Дүүдээ анги нэгтгэлүүдээ шалган эргэж, ангидаа нийл хэмээн хэлэхээр ирсэн байна. Гэвч Аюуш сураггүй болсон учраас түүнийг олох даалгаварыг Б.Сахьяад өгчээ. Ийнхүү цааш ганцаараа 10 сумтай винтов 2 гранаттай дайсны галын цэгүүдийг устгаж эхэлсэн байна. Гурван галын цэгийг амжилттай устгаад урагш мөлхөн явтал буу тас хийн гэдсээр нь халуу оргин хүү татах шиг л болсон гэдэг. Ухас хийгээд л ганц өнхрөөд үхсэн япон цэргийн окоп руу ороод сэхээ аван ийш тийш ажиглан харвал нэлээд цаана мэргэн буудагч бололтой цэрэг бууныхаа замгийг арагш татаж байсан гэдэг. Үхсэн цэргийн бууг аван нам бууджээ. Дахин цааш мөлхөн явж байхдаа дахин мөрөндөө буудуулан шархадсан аж. Гэвч ажралгүй цааш давшсаар ганцаараа дайсны зургаан галын цэгийг устгасан гэдэг. Яг энэ мөчид Зөвлөлт Монголын хамтарсан цэрэг урагшлан давшиж орсноор 3 дахь өдрийн үд гэхэд аугаа их ялалтын мэдээг дэлхийд тунхаглан дайсны сүүлчийн голомтыг устган японы эзэн хаан бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Аюушийн шарилыг олоход анхны байрлалаасаа зуу хүрэхгүй метрт олдсон гэдэг. Б.Сахьяа нь түүнийг урагшлан давшсан хэмээн урагш давшсаар байсан гэдэг. Хожим нь би биш миний хийсэн үйлдлүүд Аюушийнх болоход үнэхээр сонин санагдаж байж билээ хэмээн мушилзан инээж суусан гэдэг. Тэрээр гавьяа шагналын төлөө бус зөвхөн эх орон ард түмэн дайчин нөхдийнхөө мөр зэрэгцэн тулалдсан амь үрэгдэн үүрд  нойрссон анд нөхдийнхөө нэг нь байсанд бахархам санагдмаар. Жанбэй хотод сүндэрлэн боссон гэрэлт хөшөөнд Б.Сахьяа гэдэг нэр 3-т бичээстэй байдаг байна. Монголын эрэлхэг зургаа гэгддэг Лувсанцэрэнгийн Аюуш, Магсарын Жанчив, Буянхишигийн Сахьяа, Манлайн Жүгдэр, Пэлжээгийн Нямаа, Гомбосүрэнгийн Дашдондог нар юм.

Ийм л үнэний дэнс болсон нэгэн сайхан ахмад  дайчин тэнгэрийн  мөнхөд шингээд 24 жил өнгөрч байна. Эхээс мэндлээд 100 жил болжээ. Халх голын ширүүн тулалдаанд амь биеэ хайрлалгүй тулалдаад  амь үрэгдэгдсэдийн хананд нэрээ сийлүүлээд  50 жил болжээ. Тэр халх голын болон чөлөөлөх дайны тэгш ойгоор нөхдөө дурсдаг байсан. Аймаг оронд хааяадаа явж  хурал хуйд ганц нэг оролцсон байх. Хүүхдүүд хөөрхий, сайхан яриа хөөрөөгий нь  байлдаантай кино үзэж байгаа юм шиг амтархан сонсоод  нар салхинд гандсан түүний хүзүүнд улаан бүч зүүснээр баярлаж талархсан сэтгэлээ илтгэхээс цаашгүй. Он цаг улиран өнгөрсөөр л байсан. Сахьяа гуайд  хэд хэдэн үнэмлэх бий. Түүний хамгийн эрхэм нь нүүрэн дээрээ төрийн сүлдний зурагтай   "Бүгд найрамдах монгол ард улс  Одон медалийн дэвтэр”  гэсэн улаан үнэмлэх бий. Энэ үнэмлэхийг  нээгээд үзвэл  Одон медалийн  танилцуулгатай.  Шагнагдсан тухай тэмдэглэл гэсэн хүснэгтэд: Байлдааны гавьяаны улаан тугийн одон  876.  1945 оны 9-р сарын 26.  Зарлигийн дугаар  79”  гэж дурайтал бичсэн бичээс байдаг.  Буянхишигийн Сахьяа гэж энэ сайхан буурал хорвоод мэндлээд  100 жил болжээ. Энэ сайхан хүн  Монгол улсын баатар  байсан бол  өнөөдөр ой дурсгал гээд бөөн л юм болж байх байлаа даа. Ядаж л  төрсөн нутагт нь  шавар баримал ч гэлээ байх байсан. Тухайн цагтаа тойрсон "төөрсөн”  шагналыг нь 100 насных нь ойгоор Халхын голын ялалтын баяраар  "нэхэн”  шагнаваас нутаг ус нь,  үр хүүхэд нь,   ач зээ нь баярлах сан. Хөрөнгө чинээ шаардахгүй энэхүү гавьяат энэрэнгүй үйлсэд тэгтлээ зардал мөнгө орохгүй ч, сайн сайхан сэтгэлийн халуун дулаан илч эрчим  хаа сайгүй л түгнэ дээ. Сахьяа гуайн үнэмлэхэн дунд  хуудас нь шарласан ганцхан нүүр  хөндлөн улаан /кант/ зураастай нэг  үнэмлэх байдаг. Тэр үнэмлэхийн дотор талд  юу гэсэн бичээс байдаг гээч...

                                      БОҮ-ний № 575

Буянхишиг овогтой Сахьяа нь  хот, суурин газрын 

нийтийн үйлчилгээний  /таксинаас бусад/

тээврээр  үнэ төлбөргүй зорчино.

 

Дайнд оролцогсодын Монголын хороо.

1990 оны 11 сарын 5-ний өдөр

Говь-Алтай аймгийн ахмадын хороо...

гэжээ. Энэ үнэмлэхийг "шийтгэн” олгоход  Сахьяа гуай 70 гарчихсан хониныхоо бэлчээрт л алхаж явсан даа. Харамсалтай нь энэ үнэмлэх түүнд нэг удаа ч үйлчилгээ хангаагүй гээд бодохоор  сэтгэл  эмзэглэхээс өөр яах ч билээ. Амь насаараа дэнчин тавьж, улс эх орныхоо төлөө амь хайргүй тэмцэж явсныхаа хариуд  төрөөс эдлүүлсэн  тусгай тодотголтой ганц  үнэмлэх нь энэ шүү дээ гэж бодохоор мөн ч өрөвдмөөр. 1945 оноос насан өөд болтлоо аймгийн төв цөөхөн орсон түүнд  насных нь эцэст  тохуурхаж байгаа юм шиг ийм нэг үнэмлэх бичиж суугаа нь  мөн ч эмгэнэлтэй байгаа биз. Тэр хорвоод ирж дуугаа хадааж, эр өсөж, эсгий сунахын ялдар  хорин нэгэн насандаа цэрэгт мордож эх орноо хамгаалсан шиг хамгаалж,  албаа дуусгаад хагас зуун жил  хонь малаа  адуулсаар хорвоог орхихдоо  мөр зэрэгцэн  тулалдаж явсан дайчин нөхдөө л нүдэндээ нулимстай  дурсаж байснаас "надад баатар өг, бай шагнал олго” гэж нэг ч удаа өргөдөл ном  захидал  занаа илгээж явсангүй. Үе үе  амьд үлдсэн дайчин нөхөд нь  хэрхэн мэргэн  буудаж баатарлаг тэмцсэнийг бахархан дурссан л байдаг сан. Буянхишигийн Сахьяа гэж  хүн чанарын  бодит дүр, эгэл энгүүний туйл болсон  ийм сайхан хүнийг дурсан дурсан суух хүмүүс өдрөөс өдөрт  цөөрсөөр. Нэхэн дурсахаас  нэхэн шагнах хүртэл цаг хугацаа хөвөрсөөр. Элс манхант нутагтай  эгэл жирийн сэтгүүлч миний бие үүнийг бичиж түмнээ өргөх  үүрэгтэйгээ хатуу ухамсарлан  хичээнгүйллээ.


                                                                   2019.08.05  Хөххот


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин