Коронавирусийн шинэ хувилбар Омикронтой холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцжээ. Мөн томуугийн дэгдэлтийн үе таарч байгаа учраас сурагчдыг бүрэн цахимд шилжүүлж, амралтыг нь наашлуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг ажиллуулж байна
-Омикрон хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна.Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна. Омикрон хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийvty6 Их Британи, АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна. Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гарган ажиллуулж, шинжилгээ авч иргэдийг нэвтрүүлж байна. Иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг зэрэг аваад, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах байр руу шилжүүлж, дараагийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа.
Арваннэгдүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн. Эдгээрээс хоёр тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлэн PCR шинжилгээ хийхэд нэг иргэнээс дельта хувилбарын халдвар илэрч, нөгөө хүний онош үгүйсгэгдсэн. Омикрон хувилбарын эмчилгээ бусад хувилбарынхтай ижилхэн байгаа. Эмчилгээний тактик өөрчлөгдөхгүй.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, их дээд сургуультай холбоотой эцсийн шийдвэр гараагүй
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөсөн.
Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоногийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас ирэх хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм. Дээд боловсролын байгууллагуудын тухайд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Цэцэрлэг, их дээд сургуультай холбоотой эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргана.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 14 тусгаарлах байранд 1377 хүнийг хүлээн авахаар бэлтгэсэн
-Улсын Онцгой комисс арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Мөн хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээ авахаар зохион байгуулалтыг хийгээд байна. Гадаад улсаас Монголд ирж буй хүмүүст сүүлийн 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний "Сөрөг" хариутай байх шаардлага хэвээрээ. Мөн хилийн боомтоор орж ирсэн үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авах юм. Омикрон хувилбар зөвхөн голомтлон тархаж буй 10 улсаас ирж байгаа иргэдийг л 10 хоног тусгаарлана. 14 тусгаарлан ажиглах байранд 1,377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангасан. Харин бусад улсаас ирж буй иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2021.12.2 ПҮРЭВ № 236 (6713)
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа